Монголд анх удаа байгалийн хийн нөөц албан ёсоор баталгаажлаа

Монголд анх удаа байгалийн хийн нөөц албан ёсоор баталгаажлаа

Jade Gas Holdings компанийн Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийн анхны нөөцийг Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулж, ашигт малтмалын нэгдсэн санд бүртгэсэн байна хэмээн Bloomberg TV Mongolia мэдээллээ. 

Энэ нь Монгол Улсад байгалийн хийн нөөц албан ёсоор батлагдсан анхны тохиолдол болж байна. Бүртгэгдсэн нөөцийн талбай нь тус компанийн "Улаан нуур" төслийн 60 км.кв талбайн ердөө 4.2 км.кв-ыг хамарч байгааг мэдээллээ. Тус хэсгийн нөөцийг 2P (баталгаат+таамаг) ангиллаар нийт олборлох боломжтой хий 316 сая шоо метр, 3P (баталгаат+таамаг+боломжит) ангиллаар 793 сая шоо метр гэж тооцоолжээ. Нөөц ийнхүү бүртгэгдсэнээр Jade Gas-д төслийн хөгжүүлэлт, ашиглалтын төлөвлөгөөгөө албан ёсоор хүргүүлж, цаашлаад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх үүд хаалга нээгдэж байна.

Баталгаажсан нөөц нь төслийн талбайн зөвхөн багахан хэсгийг хамрах бөгөөд цаашдаа нөөцийг нэмэгдүүлж, арилжааны олборлолт руу шилжихээр ажиллахыг Jade Gas-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Иан Ванг тодотгожээ. Төсөлд эхний шатанд 175 хүртэл цооног өрөмдөж, дотоодын тээвэр, уул уурхай, эрчим хүчний хэрэглээнд шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа тус компани онцолсон байна.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia