Монголын хамгийн их үзэгчтэй, хамгийн нэр хүндтэй лиг бол сагсанбөмбөгийн Үндэсний дээд лиг альхэдийнээ болсон билээ. Ямар ч спортын төрөл олон үзэгчтэй байна гэдэг нь түүний ард эргэлдэх мөнгөний хэмжээг ихэсгэж байдаг. Тэгвэл энэ жилийн шинэ тоглогчийн сонгон шалгаруулалтын үеэр багууд шилдэг шинэ тоглогчид дээр “үнэ хаялцаж” багтаа солилцоогоор элсүүлсэн гэх шуугиан дэгдээд байгаа билээ.
Энэ оны дөрөвдүгээр сард 2025-2026 оны лигийн аварга багаар “Хасын Хүлэгүүд” баг шалгарч улирал өндөрлөсөн. Тэгвэл улирал дууссаны дараа лигийн багуудын хувьд цаашдын ирээдүйд хэрэг болох, тулгуур тоглогчдыг жил бүр ахлах сургууль болон их сургуулиудын тамирчдаас амжилтын эрэмбээр сонгодог уламжлалтай болсон.

-Г.ГАН-ЭРДЭНЭ БОЛОН У.ЧИНГҮҮН НАРЫН ЦАЛИН 350 САЯ ОРЧИМ ТӨГРӨГ-
Энэ жилийн шинэ тоглогчдын сонгон шалгаруулалт буюу драфтаар Үндэсний дээд лиг рүү дэвшин орохоор болсон “ТЛЖ Түшиг Багана” баг нэг дэх сонголтоор М.Мөнх-Эрдэнийг сонгосон. Гэхдээ тэдний хувьд М.Мөнх-Эрдэнийг “ШГ Эйпс” баг руу сольж оронд нь Г.Ган-Эрдэнэ болон У.Чингүүн нарыг авсан билээ.
Драфтын тэргүүн сонголт болсон М.Мөнх-Эрдэнэ нь ХУД-ын 52-р сургуулийн сурагч бөгөөд ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Улаанбаатар Кап” тэмцээнд онцгой тоглолтыг үзүүлсэн.

Тэгвэл “ШГ Эйпс” багийн хувьд энэхүү тоглогчийг өөрийн багт элсүүлэхийн тулд багагүй өндөр үнийг төлсөн аж. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Ган-Эрдэнэ болон У.Чингүүн нарын цалин 300-350 сая төгрөгийн хооронд байгаа учир М.Мөнх-Эрдэнийг энэ өндөр үнээр сольсон гэхэд болно гэж мэдээлсэн юм.
-"СЭЛЭНГЭ БОДОНС" БАГ Н.БАТБАЯР, Э.ДӨЛГӨӨН НАР ДЭЭР НЭМЭЭД 160 САЯЫН БЭЛЭН МӨНГИЙГ САНАЛ БОЛГОСОН-
Мөн “Сэлэнгэ Бодонс” багаас ч гэсэн санал ирсэн. Тэдний хувьд Н.Батбаяр болон Э.Дөлгөөн нар дээр нэмээд 160 сая төгрөгийн бэлэн мөнгийг санал болгосон гэдэг мэдээллийг баталгаажууллаа. Тэгвэл “Сэлэнгэ Бодонс” багийн солилцоонд санал болгосон Дөлгөөний цалин жилийн 500 сая гэдгийг сагсанбөмбөг сонирхогчид бүгд мэддэг болсон. Харин энэ жилийн “Сэлэнгэ Бодонс” багийг аваргын төлөө шалгаруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Батбаярыг дундаж тоглогчийн цалингаар бодоход 100 орчим сая төгрөг болно. Ойролцоогоор тус хоёр тоглогчийн 600 орчим сая төгрөг дээр бэлэн санал болгосон 160 саяыг нэмж тооцоолоход 760 сая орчим төгрөгийн үнэд хүрсэн гэхэд болохоор байгаа юм. Гэхдээ яагаад “ТЛЖ Түшиг Багана” баг их дүнтэй саналыг биш “ШГ Эйпс” багийн саналыг хүлээн авсан нь сонирхолтой сэдэв хэвээр үлдлээ
