Ерөнхий сайд Н.Учрал Төв аймгийн Заамар суманд өрөмдлөгийн цооногт унаж амиа алдсан гурван настай охины ар гэрт эмгэнэл илэрхийлж, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хатуу арга хэмжээ авахыг мэдэгдлээ.
Тэрбээр Засгийн газрын нэрийн өмнөөс талийгаач охины аав, ээж болон ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд, аврах ажиллагаанд Онцгой байдал, цагдаа, орон нутгийн байгууллагын ажилтнууд болон иргэд бүхий л боломжоо дайчлан ажилласан ч охины амь насыг аварч чадаагүйд харамсаж буйгаа илэрхийлжээ. Мөн энэхүү харамсалтай хэрэг нь зөвхөн нэг гэр бүлийн эмгэнэл бус, хүүхдийн амьдрах эрхийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль, стандартын хэрэгжилт, сахилга хариуцлагатай холбоотой ноцтой асуудлыг хөндөж байгааг онцолсон байна.
Ерөнхий сайд Н.Учрал байгаль орчны нөхөн сэргээлт, хүүхдийн эрх хамгааллын тогтолцоог сайжруулах шаардлагатайг тэмдэглээд, ажил үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохоо мэдэгдэв. Түүнчлэн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй бүх байршилд хөдөлмөрийн аюулгүй байдал болон байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулахыг холбогдох сайд, агентлаг, аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгожээ. Мөн уул уурхай, зам, барилгын ажил эрчимжиж, аялал зугаалгын улирал эхэлж буйтай холбогдуулан хууль, стандартыг чанд мөрдөж ажиллахыг бүх шатны байгууллага, албан тушаалтнуудад анхааруулсан байна. Тэрбээр хүүхдийн эрхийн асуудлыг зөвхөн нэг өдөр тэмдэглээд өнгөрөх бус бодит ажил хэрэг болгох шаардлагатайг онцолж, сар бүрийн нэгэнд хүүхдийн төлөө хийсэн ажлын тайланг хэлэлцэж, үр дүн нэхэж, хариуцлага тооцон ажиллана гэдгээ мэдэгджээ.