Уурхайн цооногт унасан охиныг аврах ажиллагаа үргэлжилж, 12 метр ухахаар тооцоолсноос одоогоор 7 метрийг малтаад байна

2026-05-29 17:40

Уурхайн цооногт унасан охиныг аврах ажиллагаа үргэлжилж, 12 метр ухахаар тооцоолсноос одоогоор 7 метрийг малтаад байна

Төв аймгийн Заамар суманд гурван настай охин уурхайн цооногт унасан асуудлаар Төв аймгийн онцгой газраас ээлжит мэдээлэл хийснийг газар дээр нь ажиллаж буй хэвлэлүүд шууд дамжуулан хүргэлээ. 

Төв аймгийн онцгой байдлын газрын дарга Г.Эрдэнэбат "Охиныг аврах ажиллагаа үргэлжлэн явж байна. Эхний байдлаар 12 метр ухна гэж тооцоолоод байсан. 14:00 цагийн байдлаар хэмжилт хийхэд долоон метр ухаад байсан. Одоо 18:00 цагт хэмжилт хийнэ. Нэг цагт дунджаар 45-50см ухаж байгаа. Малтлаг гүнд орох тусмаа цаг хугацаа их орно. Нэг ээлжиндээ долоон алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Малтлаг хийж байгаа газар маань зунгааралдсан шар шавартай газар байгаа, дундуур нь чулуун судал явж байна. Хэзээ дуусахыг яг одоо шууд хэлж чадахгүй. Ямар ч байсан хайгуулын ажлаа дуустал л явна.  "Могойн нүд" камераар харахад хүүхэд байрандаа байсаар л байна" хэмээн ярилаа. 

Эх сурвалж: Zogii.mn 

2026-05-29 14:02

ОБЕГ: Аврах анги хоёр ээлжээр хөндлөн малтлагын ажлыг үргэлжлүүлж байгаа, одоогийн байдлаар таван метр газар ухаад байна

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна.

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням мэдээлэл хийлээ. Хөрсний байдал нягт ихтэй, шаварлаг, зарим газраа хайргатай усархаг байна. Ослын голомтод ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Төв аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн Цагдаагийн газар, холбогдох байгууллагын нийт 90 хүн, 22 автомашин, 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна" гэсэн юм. 

Тухайн байршилд ажиллаж буй уул уурхайн компаниудыг дайчилж 70 метрийн урттай, 45 метрийн өргөнтэй талбайг гурван үе шаттайгаар ухалтын ажлыг техникийн хүчээр хийсэн. Өчигдөр орой 22:00 цагт хамгийн доод цэгтээ хүрсэн. 22:00 цагаас хойш уул уурхайн аврагч ангийн алба хаагчид хоёр ээлжээр хөндлөн малталтын ажлыг үргэлжлүүлж байгаа. Одоогийн байдлаар таван метр гаруй ухсан байна. Осолдогчийн талаас ямар нэгэн хөдөлгөөн, чимээ байхгүй байгаа. Хөрсний чичирхийлэл, нөхцөл байдалтай уялдуулсан байнгын хяналтыг "могойн нүд" камераар хянаж байгаа. 

2026-05-29 11:42

Уурхайн цооногт унасан охиныг аврах ажиллагаа 47 гаруй цаг үргэлжилж, аврагчид 3-4 цагийн дараа хүүхдэд хүрэх боломжтой гэж мэдээллээ

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна.

Өнөөдөр 11:00 цагийн байдлаар охин нүхэнд унаад 47 гаруй цаг өнгөрөөд байна. Аврах багийнхны урьдчилсан тооцоолсноор 3–4 цагийн дараа хүүхдэд хүрч, гаргаж ирэх боломжтой гэж үзэж байна.  

Эх сурвалж: Zarig.mn 

2026-05-29 08:19

Аврах ажиллагаа эхлээд 40 гаруй цаг өнгөрсөн ч осолдсон хүүхдийг гаргаж авч чадаагүй байна

 

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна. 

Одоогийн байдлаар аврах ажиллагаа эхэлснээс хойш 40 гаруй цаг өнгөрсөн ч осолдсон хүүхдийг гаргаж авч чадаагүй байна. Аврагчид хөндлөн чиглэлд есөн метр орчим ухах шаардлагатай байгаа ч тухайн хэсэгт шавар, намаг ихтэйгээс нуралт үүсэх өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүсжээ. Үүнтэй холбоотойгоор гараар ухах ажиллагаа удааширч, аврах ажиллагаа хүндрэлтэй үргэлжилж байгаа талаар NTV телевизийн сурвалжлах баг мэдээллээ.

Ослын голомтод Онцгой байдлын ерөнхий газар болон Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар 48 хүн, 28 автомашин, 20 тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр ажиллагаа явуулж байв. Аврагчид цооногийн хажуу талд 35 метр өргөн, 70 метр урт талбайг гурван шатлалтайгаар ухаж, нийт 32 метр орчим гүн ухсан талаар мэдээлсэн юм. Мөн маркшейдерийн мэргэжилтнүүд хэмжилт хийж, “могойн нүд” камер ашиглан цооногт доргилт үүсэж байгаа эсэхийг тогтмол хянаж байгаа. 

Эх сурвалж: NTV 

 

2026-05-28 17:58

Уурхайн нүхэнд унасан хүүхдийг аврахаар 50 орчим техник ажиллаж байгаа бөгөөд одоогоор 25 метрийн гүн цооног ухаад байна

Төв аймгийн Заамар сумын Наймган багийн нутагт уурхайн ухсан 30 метр орчим гүн нүхэнд өчигдөр 12:40 цагийн үед гурван настай хүүхэд унасан харамсалтай хэрэг гарсан. 

Одоогийн байдлаар хүүхэд нүхэнд унаад 30 орчим цаг болоод байгаа бөгөөд авран хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.  Аврах ажиллагаа 40-50 орчим техник хэрэгсэл, 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хүүхдийг аврах ажиллагаа явуулж байгаа талаар NTV телевизийн сурвалжлах баг мэдээллээ. Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Эрдэнэбатын мэдээллээр "Одоогийн байдлаар аврах баг хүүхэд унасан газраас 4-5 метрийн зайд дөхөж очсон бөгөөд 25 метр гүн цооног ухчихаад байна. Байнгын гүний камер ажиллуулж, хүүхдийн биеийг хөргөхгүй, хүчилтөрөгчөөр дутахгүй байхад анхаарч байна" хэмээлээ. 

Эх сурвалж: NTV