ОБЕГ: Уурхайн цооногт унаж амь насаа алдсан охин хагас хэвтээ байрлалд, мөр толгой сул шороо руу орсон байдалтай олдсон

ОБЕГ: Уурхайн цооногт унаж амь насаа алдсан охин хагас хэвтээ байрлалд, мөр толгой сул шороо руу орсон байдалтай олдсон

Төв аймгийн Заамар сумын нутагт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг эрэн хайх, аврах ажиллагаа 55 цаг гаруйн турш үргэлжилж, өнгөрсөн шөнө 00:23 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг гарган авч Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Энэхүү үйл явдлын талаар ОБЕГ-аас тайлбар мэдээллийг хийлээ. 

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямын мэдээлснээр, аврах ажиллагааны хүрээнд цооногийн орчимд 70 метр урт, 45 метр өргөн, 32 метр гүнтэй талбайг гурван дамжлагатай налуу ам гарган шатлан ухаж, тавдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас хөндлөн малталтын ажлыг эхлүүлсэн байна. Аврагчид 1 метр өндөр, 80 см өргөн, 11.8 метр урт хөндлөн малталт хийж, хүүхэд байсан цэгт хүрчээ.

Түүнчлэн аврах ажиллагаанд уургалан татах, шаталсан малталт хийх, хөндлөн малталт хийх зэрэг хэд хэдэн аргыг ашигласан байна. Хүүхдийн зүүн гарт уурга хүрч татах оролдлого хийсэн ч хөрсний даралт, хөшигдсөн нөхцөл байдлаас шалтгаалан амжилтгүй болжээ. Мөн Уул уурхай, эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн инженерүүдтэй хамтран аюулгүй ажиллагааны тооцоолол хийж, хамгийн боломжит хувилбарыг сонгон ажилласан байна. Аврах ажиллагааны явцад нийт 21 мянган шоо метр хөрсийг ухаж зайлуулжээ.

Аврагчид хүүхэд байсан байршилд хүрэхэд тэрээр газрын 30.5 метрийн гүнд, суугаа болон хагас хэвтээ байрлалтай, мөр болон толгойн хэсэг нь цул шороонд дарагдсан байдалтай байсан талаар мэдээлэв.

Цооногт унаж амь насаа алдсан гурван настай хүүхэд  унаснаас хойш 59 цаг 46 минут, аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 55 цаг 19 минутын дараа цогцсыг гарган авч, холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Аврах баг очсоны дараа хүүхдийн амьсгалах шуум сонсогдож байсан бөгөөд тавдугаар сарын 28-ны үүрийн 4 цагийн орчимд амьгалах чимээ сонсогдохоо больж, хөдөлгөөн мэдрэгдэхээ больсон аж. Яг хэзээ нас барсныг мэргэжлийн байгууллага тогтооно гэлээ. 

Ослын голомтод Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон бусад байгууллагын нийт 102 хүн ажилласан байна. Аврах ажиллагаанд 16 байгууллагын 30 автомашин, хүнд даацын найман техник, ковш, экскаватор, кран, шатахуун тээвэрлэгч болон гар ажиллагааны 138 багаж хэрэгслийг дайчлан ажиллажээ.