Нас барсан иргэдийн эзэмшиж байсан хувьцаа болон ногдол ашгийг 2026 оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн хууль ёсны өвлөгчдөд нь өвлүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан иргэдэд зориулсан “Нээлттэй өдөрлөг”-ийг өнөөдөр, маргааш /2026.05.31/ Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр иргэд хувьцаа өвлүүлэх үйл явцтай холбоотой нэгдсэн мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой бөгөөд хууль ёсны өвлөгч мөн эсэхээ шалгуулах, өвлөх хувьцаа болон ногдол ашгийн хэмжээг тодорхойлуулах, бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын талаарх зааварчилгаа авах юм. Мөн үнэт цаасны данс нээлгэсэн эсэхээ шалгах, хувьцаа өвлүүлэхтэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдээс нэг дороос авах боломжтой.
Тус өдөрлөгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Нотариатчдын танхим, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж байна. Иргэд өөрийн болон талийгаачийн иргэний үнэмлэх, шаардлагатай бусад баримт бичгийг бүрдүүлэн хүрэлцэн ирж мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой юм.