"Хонжворт сугалаа" зохион байгуулдаг хоёр бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүллээ

"Хонжворт сугалаа" зохион байгуулдаг хоёр бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүллээ

Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар нь Сангийн яам, Монополын эсрэг газар, Татварын ерөнхий газартай хамтран цахим орчинд “Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалтын ажиллагаа зохион байгууллаа.

Шалгалтаар тусгай зөвшөөрөлтэй 19, Сангийн яамнаас олгодог тусгай зөвшөөрөлгүйгээр цахим орчинд сугалаа зохион байгуулж байсан 11, нийт 30 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгасан байна. Мөн шалгалтын явцад сугалааны азтанд автомашин, орон сууц зэрэг өндөр үнэ бүхий хонжвор амлаж, бодитоор олгодоггүй, урьдчилан тохиролцсон хүнийг азтнаар тодруулан зохиомол нөхцөл байдал үүсгэж, иргэдийг төөрөгдүүлэн хохироож байсан хоёр бүлэг этгээдийн хууль бус үйлдлийг илрүүлжээ. Тухайлбал, фэйсбүүк орчинд хоёр төрлийн пэйж хуудас ажиллуулж байсан 14 иргэний үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Албаныхны мэдээлснээр, сүүлийн нэг жилийн хугацаанд манай улсад давхардсан тоогоор 1.1 сая иргэн хонжворт сугалаанд оролцсон байна. Мөрдөн шалгах албанаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр төлөвлөгөөт хяналт, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа аж.