Г.Ган-Очирыг Монгол болон Францын хуулийн байгууллага шилжүүлэн авахыг хүссэн ч, Швед улс түүнийг шилжүүлээгүй, өөрийн улсдаа хорьж байна

Г.Ган-Очирыг Монгол болон Францын хуулийн байгууллага шилжүүлэн авахыг хүссэн ч, Швед улс түүнийг шилжүүлээгүй, өөрийн улсдаа хорьж байна

Монгол Улсын иргэн Г.Ган-Очирыг Интерполын шугамаар эрэн сурвалжилж байсны дагуу өнгөрсөн оны наймдугаар /2025.08/ сард Швед улсад саатуулсан байдаг.  

Тэрбээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагч болон цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, бусдын байшинг галдан шатааж, хууль бусаар устгасан, Сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэргүүдэд яллагдагчаар татагдаад байхдаа буюу 2022 оны долдугаар сард Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан гэдэг.

Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны наймдугаар сараас эхлэн түүнийг Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байсан юм.

Мөн иргэн Г.Ган-Очир нь Монгол Улсаас орон зайлсныхаа дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар Франц Улсын Аннеси хотын эрүүгийн хэргийн шүүхээс 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жил хорих ял ногдуулсан бөгөөд тэрбээр ял эдэлж байх хугацаандаа дахин тус улсаас оргон зугтсан байдаг аж.

Тиймээс ч Г.Ган-Очирыг Монгол Улсаас гадна Францын тал Интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байсан байна.

Энэ дагуу Г.Ган-Очирыг өнгөрсөн оны наймдугаар сарын 21 /2025.08.21/-ний өдөр Швед улсад саатуулсан байдаг. 

Тиймээс иргэн Г:Ган-Очирыг шилжүүлэн авахаар манай улсын хууль хяналтын байгууллага болон Франц улсын хууль хяналтын байгууллагаас Швед улсын талд хүсэлтээ хүргүүлсэн ч өнөөг хүртэл тус улс Монгол Улсын иргэн Г.Ган-Очирыг аль нэг улсад шилжүүлэн өгөхгүй, өөрийн улсдаа цагдан хорьж байгаа гэх мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэн Г.Ган-Очир нь Швед улсад хууль зөрчиж байгаад баригдсан байж болзошгүй тул тус улс өөрийн хуулийн дагуу түүнд хариуцлага тооцож, улмаар түүнийг шилжүүлэн авах хүсэлтэй улс орнуудын хүсэлтийг хангахгүй, өөрийн хуулийн дагуу хариуцлага тооцон, хорих ял эдлүүлж байх талтай байгаа аж.