Өнгөрсөн долоо хоногт байр захиалаад, захиалсан байр нь барилгын ажил зогссон, ашиглалтад орохгүй удаж байгаа барилгуудын талаарх гомдлыг Өргөдлийн байнгын хороон дээр хэлэлцүүлсэн билээ. Тэгвэл манай сурвалжлах баг энэ удаа тус хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн удаа дурьдагдаад амжсан Сэлхийн эцэст байрлах “Grand Marshall luxury villas” хотхоноос сурвалжилга бэлтгэлээ.
ВИДЕО:
-“GRAND MARSHALL LUXURY VILLAS”-ЫН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН БАРИЛГУУД 2022 ОНД АШИГЛАЛТАД ОРНО ХЭМЭЭН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВСАН-
“Grand Marshall luxury villas” хотхоныг “Эрхэт Монгол групп” хариуцан барилгын ажлыг 2021 онд эхлүүлсэн байдаг. Тухайн үед хотхоны эхний ээлжийн байрнуудын ажил явагдаж байсан бөгөөд түүгээрээ сурталчилгаа хийж байрны борлуулалтын ажил эхэлсэн байдаг. Эхний ээлжийн барилгын хувьд 2022 оны I, II улиралд орх байсан ч цагтаа оролгүй өнөөдрийн байдлаар /2026.05.25/ нэг л байр ашиглалтад орсон гэж албан бус эх сурвалж мэдээлсэн юм. Мөн албан бус эх суралжийн мэдээлж буйгаар тус хотхоны ашиглалтад орсон нэг байрны тог өвөл тасраад түүнээс хойш одоог хүртэл тог нь ирээгүй байгаа. Тоггүй учраас тус байранд байсан айлууд буцаад нүүсэн гэж мэдээллээ.

Сурвалжлах баг тус хотхоны үүдээр ороход хамгийн эхний байр ашиглалтад орсон бололтой айлуудын тагтан дээгүүр эд, хогшил байсан юм. Бид өвөл тог тасарсан гэх мэдээллийг бататгахын тулд тус байрны орцонд орсон боловч тоггүй, ямар нэгэн айл байсангүй. Барилгын ажил хэзээ эхлэх талаар тус барилгын харуулаас тодруулахад, “Би сайн мэдэхгүй байна. Хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Ашиглалтад орсон байранд айлууд байсан ч тог тасарснаас хойш нүүчихсэн” гэв.
-“ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ ГАРГАХААР ИРГЭНИЙ ХЭРЭГ ГЭЭД ТООДОГГҮЙ”-
Мөн албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “Grand Marshall luxury villas” хотхон нь 500 айлын орон сууц болон 11 объекттэй хотхон гэсэн ч анхны зураг төслийн ердөө 20 хувьд нь барилга баригдсан байгаа. Тус барилгын талаар хуулийн байгууллагад хандахаар иргэний хэрэг гээд ердөө тоодоггүй. Ганцхан “Grand Marshall luxury villas” хотхон ч баригдахгүй байгаа юм биш. “Эрхэт Монгол групп”-ийн Өмнөговь аймагт барьж буй 200 айлын орон сууц бүгд ашиглалтад ороогүй байгаа гэж мэдээлсэн юм.

-ГАЦААД БУЙ ХОТХОНЫ МАРКЕТИНГИЙГ ЖҮЖИГЧИН И.ОДОНЧИМЭГ, Т.БАРХҮҮ, НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА, ДУУЧИН С.АРИУНЗАЯА НАР ХИЙЖ БАЙВ-
Тэгвэл “Эрхэт Монгол групп”-ийн “Grand Marshall luxury villas” болон “Love city”зэрэг барилгуудын идэвхжүүлэлтийн ажлыг жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү, нэвтрүүлэгч Д.Одзаяа, дуучин С.Ариунзаяа нар хийж байсан. Харин тэдний хувьд сурталчилж байсан эдгээр хотхонууд нь бүрэн ашиглалтад орохгүй байгаа тухай энэ таван жилийн хугацаанд ямар мэдэгдэл хийгээгүй байгаа нь олны дургүйцлийг хүргэдэг.

-ИНФЛЮЗЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ТОХИОЛДОЛД ИНФЛЮЗЕР БОЛОН ЗАХИАЛАГЧ ХАМТ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ-
Монгол Улс удахгүй инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах хуультай болохоор УИХ боловсруулж байгаа билээ. Энэхүү Хуулийн төслийн нэг онцлог нь зөвхөн контент бүтээгч бус, реклам захиалсан компани болон агентлагууд хамтдаа хариуцлага хүлээх явдал. Нөгөө талаас сурталчилгаа хийж байгаа хүмүүсийн хувьд ч “Компаниас өгсөн тайлбарыг л уншсан” гэсэн тайлбар өгөөд хариуцлагаас бултдаг байдал ард хоцорсон байна. Тодруулбал, шинэ зохицуулалтаар худал мэдээлэл, далд сурталчилгаанд, инфлюзер, агентлаг, захиалагч нар оролцооны хэмжээгээрээ хамт хариуцлага хүлээхээр болжээ. Гэхдээ хуулийн төсөлд зөвхөн үүрэг, хариуцлагаас гадна инфлюзерийн эрхийг ч мөн тусгасан бөгөөд инфлюзер нь захиалагчийн хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзах, өөрийн контент болон зохиогчийн эрхээ хамгаалуулах, шударга бус нэр хүнд унагах ажиллагааны талаар гомдол гаргах эрхтэй байх аж. Түүнчлэн бүртгэлтэй инфлюзерүүд орлого, хамтын ажиллагаа, гэрээний мэдээллээ татварын хууль тогтоомжийн дагуу тайлагнах зохицуулалт оржээ. Ингэснээр сошиал орчноос олсон орлогыг илүү нээлттэй, хяналттай болгох зорилготой юм.
Уг инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах хууль хэрэгжиж эхлэх юм бол манай улсын олны танил эрхэмүүд ямар байгууллагын юу сурталчилж байгаагаа сайн нягтлахгүй бол сурталчилсан зүйлээсээ болж хуулийн өмнө хариуцлага хүлээх магадлалтай болж байгаа юм.

