Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд зохион байгуулна

Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд зохион байгуулна

Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу тавдугаар сарын 31-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл өглөө.

Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны тэргүүлэгч А.Батцэнгэл “Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн гурван үйл явдал бүгд зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиодог. Тиймээс энэ өдрийг Бурхан багшийн Их дүйчин өдөр хэмээн нэрлэдэг. Монголчууд эртнээс энэхүү өдрийг онцгойлон тэмдэглэж ирсэн уламжлалтай” хэмээн онцоллоо. Тэрбээр мөн “Энэ жилийн Их дүйчин өдөр Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг Улсаас Монголд залж буй түүхэн үйл явдалтай давхцаж байгаагаараа онцлог юм. Ринсрэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүнд буян хишиг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг” гэв.

Бурхан багшийн Их дүйчин өдрийн хүрээнд тавдугаар сарын 31-ний 04:00 цагаас үйл ажиллагаа эхэлнэ. 07:00 цагаас Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд Бурхан багшийн төвийн чого хурах бол 09:30 цагт Бурхан багшийн хоёр манлай шавийн ринсрэлийг залах ёслол болон Их дүйчин өдрийн нээлт болно. Мөн 14:00 цагаас Сүхбаатарын талбайд олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд зохион байгуулагдах бөгөөд оройн 20:30 цагт гэрэлт жагсаал хийхээр төлөвлөжээ.