Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын хэмжээнд хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, Ерөнхий сайд Н.Учрал хэд хэдэн чиглэлээр шийдвэр гаргалаа.
Хуралдааны үеэр хүүхэд хамгааллын төсөв жил бүр нэмэгдэж байгаа ч бодит үр дүн хангалтгүй байгааг албаныхан онцолсон юм. Тухайлбал, Монгол Улсад таван хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар бодож байсан бол 10 хүүхэд тутмын нэг нь оролдлого хийж үзсэн гэх судалгааг танилцуулжээ. Мөн өсвөр үеийн архи, тамхины хэрэглээ, үе тэнгийн дээрэлхэлт, насанд хүрээгүй охидын төрөлт нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын мэдээлснээр “108” тусгай дугаарт ирсэн нийт дуудлагын 81 хувь нь хүүхдийн дээрэлхэлттэй холбоотой байжээ. Мөн жил бүр 350 хүүхэд ослын улмаас амиа алдаж, 1500 орчим хүүхэд гэмтэж бэртэн эмнэлгийн тусламж авч байгаа нь анхаарал татаж буйг дурдсан юм.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал хуучин Хотын захиргааны барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон-2” болгон шинэчлэх шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Тус төслийн засвар, тохижилтод Хүүхдийн төлөө сангаас 7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Мөн:
-
Цэцэрлэгийн наснаас нь эрт илрүүлэг хийх,
-
“Хараацай” зусланг шинэчлэх,
-
Зуны улиралд сургуулийн спорт заал, танхимуудыг хүүхдүүдэд нээлттэй ашиглуулах,
-
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг бүрэн шинэчлэх зэрэг ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн байна.
Ерөнхий сайд төсвийн хөрөнгийг хүүхдийн хөгжил, хамгаалалд бодитоор чиглүүлж, үр дүнтэй зарцуулах шаардлагатайг онцлон, төр болон хувийн хэвшлийн хамтын оролцоог нэмэгдүүлэхийг уриаллаа.