Франц профессор эмэгтэй тэтгэврийн бэлгээ цуглуулаад нэг талын тасалбартайгаар Монголд аялахаар иржээ

Франц профессор эмэгтэй тэтгэврийн бэлгээ цуглуулаад нэг талын тасалбартайгаар Монголд аялахаар иржээ

Францын их сургуулийн профессор эмэгтэй тэтгэвэртээ гарсныхаа дараа олон жилийн мөрөөдлөө биелүүлэхээр Монгол Улсыг зорин иржээ. Тэрбээр Монголд ирээд дөнгөж хоёр хонож байгаа бөгөөд аяллынхаа талаар “буцах төлөвлөгөө байхгүй” хэмээн ярьсан байна.

Түүний гэр бүл, шавь нар нь тэтгэвэрт гарсныг нь тохиолдуулан баяр хүргэж, бэлэг болон бэлэн мөнгө өгсөн аж. Харин профессор эмэгтэй тэдгээрийг цуглуулан бага наснаасаа мөрөөдөж ирсэн Монгол орон руу шууд нисэж иржээ. Морь унах сонирхолтой тэрбээр Монголыг олон жилийн турш очиж үзэхийг хүсдэг байсан бөгөөд энэ удаад зөвхөн нэг талын онгоцны билет авч ирсэн гэдгээ хэлсэн байна. Монголд ирснийхээ дараахан тэрээр Тусгай олимпын сайн дурын ажилд оролцохоор баруун аймгийг зорьжээ. Ингэхдээ шороон болон цасан шуурга дундуур 1500 км замыг автобусаар туулан Ховд аймаг руу явж байгаа аж. Түүнээс “Хэзээ эх орон руугаа буцах вэ?” хэмээн асуухад “Мэдэхгүй ээ, ямар ч төлөвлөгөө байхгүй. Монголтой сайхан танилцана” гэж хариулсан байна. Энэ талаар нийтэлсэн В.Ганзориг өөрийн X хуудастаа “The best plan is no plan” буюу аяллын хамгийн сайхан төлөвлөгөө нь заримдаа огт төлөвлөгөөгүй байх явдал хэмээн бичжээ.