Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн тэгш ой тохиож байна. Тэгш ой тохиож буйтай холбоотойгоор энэ зун болох Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх эсвэл 512 бөх барилдах эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байсаар байна.
-МОНГОЛЫН ТҮҮХЭНД ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ХОЁР ҮЙЛ ЯВДЛЫН ТЭГШ ОЙГООР 1024 БӨХ БАРИЛДДАГ-
Зарим бөх сонирхогч болон нэр бүхий төрийн албан тушаалтнууд тэгш ой тохиож байгаа учир 1024 бөх барилдуулах нь зүйтэй гэж байгаа ч үүнийг эсэргүүцэж байгаа тал нь хуулиндаа 10 жилдээ нэг удаа 1024 бөх барилдана гээд заасан учир 2031 он хүртэл 1024 бөх барилдах ёсгүй гэх мэтээр хоёр тал болон хуваагдаад байгаа билээ.
Тэгвэл “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д энэ жил 1024 эсвэл 512 бөх барилдах талаар 2022 оны зургаадугаар сарын 22-нд батлагдсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 9.1 зүйлд тусгасан байдаг. Тус 9.1-р зүйлд “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана.” гэж заажээ.
Тэгш ойг 10 жилээр тооцдог. Жишээлбэл, Ардын хувьсгалын 100, 110 жилийн ой эсвэл Их Монгол Улс байгуулагдсаны 810, 820 жил гэж тэмдэглэдэг.

-ЭНЭ ЖИЛ 512 БӨХ БАРИЛДАХ ЁСТОЙ ГЭДЭГ НЬ ТАШАА ОЙЛГОЛТ-
Хэрэв 9.1 заалтыг сайн анзаарвал “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх” барилдана гэжээ. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ой байсан учир 1024 бөх барилдах байсан ч корона вирусээс болоод 2022 онд нөхөж тэмдэглэсэн. Тэгвэл 2026 онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ой учир 1024 бөх барилдах ёстой. Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой энэ жил буюу 2026 онд, дараагийнх нь 2036, 2046 онд харин Ардын хувьсгалын тэгш ой 2031 онд, дараагийнх 2041, 2051 гэх мэтээр зохион байгуулагдана. Энэ нь хоорондоо таван жилийн зайтай 1024 бөх барилдана гэсэн үг.
Дахин хуульд нэмэлт өөрчлөлт л оруулахгүй юм бол энэ жил 1024 бөх барилдаж шинэхэн аварга, даян аварга, дархан аваргууд төрөх боломжтой аж. Энэ жилийн улсын наадмаар түрүүлэх хамгийн өндөр боломжтой дөрвөн бөх нэрлэ гэвэл Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын арслан Э.Батмагнай, Улсын заан М.Лхагвагэрэл нарыг олон хүмүүс нэрлэх болов уу. Тэгвэл энэ жилийн 1024 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлбэл Дархан аварга, үзүүрлэвэл Даян аварга, Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлбэл Даян аварга, үзүүрлэвэл Улсын арслан хэвээр, Улсын арслан Э.Батмагнай түрүүлбэл Даян аварга, үзүүрлэвэл Улын аварга, харин Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлбэл Улсын аварга, үзүүрлэвэл Улсын арслан цолын болзол тус тус хангах юм.