Улаанбаатар хотод 300 гаруй мянган айл өрх орон сууцанд амьдарч байгаагаас 167 мянга орчим нь ОСНААУГ-тай гэрээ байгуулан ус, дулааны үйлчилгээ авч байна. Гэвч эдгээр хэрэглэгчдийн төлбөрийн сахилга бат хангалтгүй байгаа нь салбарын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж байгааг албаныхан мэдээллээ.
Тодруулбал, гэрээтэй 167 мянган хэрэглэгчийн ердөө 73 мянга гаруй нь буюу 45 орчим хувь нь төлбөрөө тогтмол төлдөг байна. Харин нийт хэрэглэгчдийн дөнгөж 15-20 хувь нь ус, дулааны төлбөрөө хугацаанд нь төлдөг гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ талаар ОСНААУГ-ын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц “Цахилгааныг айл бүрээр нь тусгаарлан хязгаарлах боломжтой байдаг бол ус, дулааны үйлчилгээ инженерийн шугам сүлжээний онцлогоос шалтгаалан нийлмэл байдлаар түгээгддэг. Тиймээс төлбөрөө төлөөгүй айлд шууд хязгаарлалт хийхэд техникийн хүндрэлтэй байдаг” хэмээн тайлбарлав.
Иймээс төлбөрийн сахилга батыг сайжруулах зорилгоор 2026 оны зургаадугаар сарын 1-нээс шинэ журам хэрэгжүүлэхээр болжээ. Шинэ журмаар ус, дулааны төлбөрөө хоёр сараас дээш хугацаанд төлөөгүй айл өрхүүдийг зээлийн мэдээллийн санд бүртгэхээр төлөвлөсөн байна. Албаныхны үзэж буйгаар энэхүү арга хэмжээ нь хэрэглэгчдийн хариуцлагыг нэмэгдүүлж, нийтийн аж ахуйн салбарын хуримтлагдсан өр төлбөрийг бууруулахад чиглэж байгаа юм.