Ерөнхийлөгчийн сонгуульд 250 мянган сонгогчийн оролцоог нэмэгдүүлэх хуулийн төслийг батлагдаж амжихгүй гэх шалтгаанаар эгүүлэн татлаа

Ерөнхийлөгчийн сонгуульд 250 мянган сонгогчийн оролцоог нэмэгдүүлэх хуулийн төслийг батлагдаж амжихгүй гэх шалтгаанаар эгүүлэн татлаа

Монголчууд ирэх жилийн зургаадугаар сард зургаан жилийн хугацаатайгаар сонгогдох хоёр дахь Ерөнхийлөгчөө сонгох улс төрийн чухал сонголтын өмнө байна. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоотой холбоотой томоохон өөрчлөлтүүдийг тусгасан хуулийн төсөл улс төр, олон нийтийн анхаарлын төвд орж, улмаар маргаан дагуулсаар эгүүлэн татагдах нөхцөл үүсээд байгаа юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг 2026 оны тавдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Уг төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үеэр гишүүдийн дэмжлэгийг авч чадалгүй шүүмжлэл дагуулж, Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Үүний дараа хууль санаачлагч Д.Бум-Очир төслөө эгүүлэн татахаар болсон талаар мэдэгдсэн билээ. Тэрбээр төслөө эгүүлэн татах болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Цагалбарын хувьд энэ хууль батлагдаж амжихааргүй болчихлоо. Нэгэнт цаг тулчихсан байгаа тул яаралтай горим руу оруулж улам олон нийтийн хардлагыг төрүүлж байхын оронд цаг хугацаандаа амжихгүй гэсэн шалтгаанаар эгүүлэн татаж байгаа” хэмээн мэдэгдсэн юм. Учир нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хугацаа нь сонгуулиас нэг жилийн өмнө байх зохицуулалттай билээ. 

Энэхүү хуулийн төсөл нь сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх, гадаадад байгаа иргэдийн санал өгөх боломжийг өргөжүүлэх, мөн санал авах ажиллагааг цахимжуулах чиглэлд хэд хэдэн томоохон өөрчлөлт тусгаснаараа анхаарал татаж байв. Гэвч уг төслийг тойрсон хамгийн гол шүүмжлэл нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад улс төрийн нөлөөлөл үзүүлэх зорилготой байж болзошгүй гэх хардлага байлаа. Учир нь төсөл санаачлагчдын нэг Д.Бум-Очир өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан нь олон нийтийн хардлагыг улам нэмэгдүүлж байгаа талаар яригдсан юм.

-"ХЭН ЗАХИАЛАВ" ГЭХ АСУУЛТЫГ ХУУЛЬ САНААЧЛАГЧДААС АСУУЖ БАЙВ- 

Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр уг төслийг улс төрийн намуудын зөвшилцөлгүйгээр өргөн мэдүүлсэнд шүүмжлэлтэй хандаж, иргэний бүртгэлийн систем нэг иргэн давхар санал өгөхөөс бүрэн сэргийлж чадах эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр төслийн улс төрийн зорилго, цаг хугацаатай холбоотойгоор байр сууриа илэрхийлж, “Хэн захиалав” хэмээх асуултыг хууль санаачлагчдад тавьж байлаа.

Харин Д.Бум-Очир гишүүний зүгээс хуулийн төслийг хилийн чанад дахь монгол иргэдийн сонгох эрхийг хангах шаардлагын хүрээнд боловсруулсан хэмээн тайлбарласан. Түүний хэлснээр, УИХ-ын намрын чуулганы дараахан хилийн чанад дахь монголчуудын зөвлөлөөс сонгуульд оролцох боломжийг өргөжүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд үүний дагуу цахимаар санал өгөх боломжийг судлах ажлын хэсэг байгуулан нэг жилийн хугацаанд судалгаа хийсний үндсэн дээр уг төслийг боловсруулжээ. Мөн ажлын албаны мэдээлснээр, гадаадад байгаа сонгогчдыг хамруулах хүрээнд 52 дипломат төлөөлөгчийн газрыг түшиглэсэн зохион байгуулалтын бэлтгэл яригдаж байсан аж.

- СОНГУУЛИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ БОЛОХ БҮХ НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ НӨХЦӨЛ ХАНГАЛТГҮЙ БАЙНА- 

Хуулийн төслийн үзэл баримтлалд Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 1993 онд 92.7 хувь байсан бол 2021 онд 59.29 хувь хүртэл буурсныг онцолжээ. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны судалгаагаар сонгуульд оролцоогүй иргэдийн 33.9 хувь нь санал авах өдөр өөр газарт байсан, 7.7 хувь нь оюутан, 0.5 хувь нь гадаадад байсан гэж хариулсан байна. Иймээс ойролцоогоор 250 мянган сонгуулийн насны иргэний оролцоог нэмэгдүүлэх нь хуулийн төслийн гол зорилго гэж Д.Бум-Очир тайлбарлаж байв.

-СОНГУУЛИЙН ӨДРӨӨС ӨМНӨХ ГУРАВ ХОНОГТ ӨӨРИЙН ХАРЬЯАНЫ САНАЛ АВАХ БАЙРАНД УРЬДЧИЛАН САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ -

Үүнээс үүдэн хуулийн төсөлд иргэдийн санал өгөх боломжийг илүү өргөн хүрээтэй болгох боломжуудыг тусгасан байв. Тухайлбал, урьдчилан санал авах зохицуулалтыг тусгасан бөгөөд иргэд санал авах өдөр өөрийн биеэр очиж санал өгөх боломжгүй бол сонгуулийн өдрөөс өмнөх гурван хоногт өөрийн харьяалах санал авах байранд урьдчилан саналаа өгөх боломжтой болохоор тусгажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Мөн өөрийн харьяа аймаг, нийслэлээс өөр газар ажиллаж, сурч байгаа иргэдийг тухайн байгаа газартаа саналаа өгөх боломжтой болгох заалтыг оруулсан байна. Өөрөөр хэлбэл, оюутан, төрийн албан хаагч, томилолттой яваа иргэн зэрэг сонгуулийн өдөр үндсэн хаяг дээрээ байх боломжгүй хүмүүс өөрт ойр байрлах санал авах байранд очиж саналаа өгөх боломжтой зохицуулалт хийхээр байв. Энэ тохиолдолд тухайн сонгогчийг “үндсэн хэсгээс өөр санал авах байранд санал өгсөн” гэх тэмдэглэгээг улсын нэгдсэн бүртгэлд хийхээр тусгаж, давхар санал өгөхөөс сэргийлэх механизмыг оруулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-ГАДААД УЛСАД АМЬДАРЧ БУЙ ИРГЭД ХОЁР ХОНОГ САНАЛ ӨГДӨГ БАЙСНЫГ ТАВ ХОНОГ БОЛГОНО -

Хуулийн төсөлд гадаадад байгаа монгол иргэдийн сонгуульд оролцох нөхцөлийг өргөжүүлэх хэд хэдэн зохицуулалт тусгасан байв.

Тухайлбал:

  • гадаадад санал авах хугацааг хоёр өдөр байсныг тав хоног болгох,

  • дипломат төлөөлөгчийн газаргүй улсад салбар комисс байгуулах,

  • санал авах, санал тоолох ажиллагаанд автоматжуулсан систем ашиглах,

  • сонгогчийн хурууны хээгээр баталгаажуулалт хийх,

  • сонгогчдын нэрийн жагсаалтын нэгдсэн сантай тулган шалгах
    зэрэг цахим хяналтын зохицуулалтууд багтсан байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ингэснээр уг хуулийн төслийг нэг талаас сонгогчийн оролцоог нэмэгдүүлэх, дотоод болон гадаадад байгаа иргэдийн сонгох эрхийг хангах зорилготой гэж тайлбарлаад буй. Харин нөгөө талаас Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад улс төрийн нөлөөлөл үүсгэж болзошгүй гэх маргаан дагуулаад байгаа юм. Түүнчлэн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хугацаа нь сонгуулиас нэг жилийн өмнө байх зохицуулалттай тул уг төсөл цаг хугацааны хувьд ч шүүмжлэл дагуулж байв. Хууль санаачлагчийн зүгээс ч хугацаа бага байгаагаас үүдэн төслөө эргүүлэн татаж байгаа гэх тайлбарыг өгсөн тул ямартай ч ирэх жилийн сонгууль хүртэл энэ сэдэв өндөрлөж байгаа бололтой. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө