Улаанбаатар хотод нийт 300 гаруй мянган айл өрх нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч байна. Эдгээрээс 167 мянга гаруй айл өрх Орон сууцны удирдах газартай гэрээ байгуулж ус, дулааны үйлчилгээ авч байгаа аж.
Гэвч эдгээр хэрэглэгчдийн төлбөрийн сахилга бат хангалтгүй байгаа нь салбарын хэмжээнд хүндрэл үүсгэж байгааг холбогдох байгууллагууд мэдээллээ.
Гэрээлсэн 167 мянган хэрэглэгчийн дөнгөж 73 мянга гаруй нь буюу ойролцоогоор 45 хувь нь л тогтмол төлбөрөө төлдөг байна. Үүнээс гадна нийт хэрэглэгчдийн ердөө 15-20 хувь нь ус, дулааны төлбөрөө тогтмол, хугацаандаа төлдөг гэсэн тоон үзүүлэлт гарчээ.
Энэ нөхцөл байдлыг зохицуулах зорилгоор 2026 оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн шинэ журам хэрэгжиж эхлэхээр болж байна. Тодруулбал, ус, дулааны төлбөрөө хоёр сараас дээш хугацаанд төлөөгүй айл өрхүүдийг зээлийн мэдээллийн санд бүртгэхээр төлөвлөжээ. Ингэснээр төлбөрийн сахилга батыг сайжруулж, үйлчилгээний санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой юм. Орон сууцны нийтийн аж ахуйн салбарынхан энэ арга хэмжээ нь урт хугацаандаа хэрэглэгчдийн хариуцлагыг нэмэгдүүлж, төлбөрийн хуримтлагдсан өрийн асуудлыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.