Л.Энх-Амгалан: “Нэг хүүхэд–Нэг компьютер” төслийн хүрээнд 300 мянган компьютерийг лизингээр нийлүүлж, санхүүжилтийг 3-5 жилээр төлнө

Л.Энх-Амгалан: “Нэг хүүхэд–Нэг компьютер” төслийн хүрээнд 300 мянган компьютерийг лизингээр нийлүүлж, санхүүжилтийг 3-5 жилээр төлнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.05.27/ болж, хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Засгийн газрын гишүүд танилцууллаа. Энэ үеэр Л.Энх-Амгалан “Нэг суралцагч–нэг компьютер, нэг анги–нэг ухаалаг самбар” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийн талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлнө” гэсэн бодлого дэвшүүлсэн. Энэ хүрээнд хамгийн сайн сургууль бол гэрт ойрхон сургууль байх ёстой. Гэрт ойрхон сургуулийг бид хамгийн сайн хөтөлбөртэй, чадварлаг багштай, хуурамч дүнгийн тогтолцоогүй, хүүхэд бүр хувьсах зардалтай, бүрэн цахимжсан байхаар төсөөлж байна” гэв. Мөн хот, хөдөөгийн болон төрийн, хувийн сургуулиудын ялгааг бууруулах бодлогын хүрээнд “Нэг хүүхэд–Нэг компьютер”, “Нэг анги–Нэг ухаалаг самбар”, “Нэг багш–Нэг хиймэл оюун ухааны туслах багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Л.Энх-Амгалан “Энэ бол зөвхөн хүүхэд бүрийг компьютержуулах төсөл биш. Компьютерийн тусламжтайгаар суралцах хоцрогдлыг арилгах зорилготой” хэмээн мэдэгдэв.

Төслийг 2026 оны есдүгээр сарын 1-нээс үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд:

  • 2026 оны есдүгээр сарын 1-нээс 100 мянган компьютер, 5 мянган ухаалаг самбар,
  • 2027 оны хоёрдугаар сард дахин 100 мянган компьютер, 5 мянган ухаалаг самбар,
  • 2027-2028 оны хичээлийн жил эхлэхээс өмнө нийт 100 мянган компьютер, 5500 ухаалаг самбарыг сургуулиудад нийлүүлэхээр төлөвлөжээ.

Санхүүжилтийг Хөгжлийн банкны Санхүүгийн лизинг компаниар дамжуулан шийдвэрлэх бөгөөд худалдан авалтыг хийсний дараа 3-5 жилийн хугацаанд санхүүгийн түрээсийн хэлбэрээр төлбөрийг барагдуулах аж. Ингэснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилсан боловсролын шинэ түншлэлийн тогтолцоог бий болгоно гэдгийг салбарын сайд онцоллоо. Бидний төлөвлөөгөөр нэг компютерийг 1.5 төгрөгөөр авахаар тооцож байгаа. Нийт 300-350 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтууд хийгдэх болов уу гэж бодож байна.