Тендерт шалгаруулсан компаниасаа 301.4 саяын хахууль авсан хэрэгт холбогдсон "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ж.Ганзоригт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тус хэргийг шүүх хэлэлцээд Ж.Ганзоригт торгох ял оноожээ. Тодруулбал, Ж.Ганзориг нь нийтийн албан тушаалтан буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар ажиллаж байхдаа Н.Г-тай бүлэглэн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,“Б... ” ХХК-ийг тендерт шалгаруулах ашиг сонирхлын үүднээс тус компанийн захирал БНХАУ-ын иргэн ZH-аас 2018-2019 онд нийт 205 сая төгрөгийг бэлнээр, мөн бусдын дансаар дамжуулан 2016- 2019 онд нийт 3 удаагийн үйлдлээр нийт 96,471,100 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 301,4 сая төгрөгийн хахууль авсан;
-Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас газраас 2019 оны 9 дүгээр арын 20-ны өдөр зарласан “Алхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Г-той бүлэглэн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, нээлттэй тендерт “И...” ХХК-ийг шалгаруулж, давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,6 сая төгрөгийн хохирол учруулсан;
-Мөн Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн М.Ж-тай бүлэглэн, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2020 оны хөрөнгө оруулалт, худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдсан 1 литр хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүний үнийг 90,750 төгрөг болгон нэмэгдүүлж, тендер зарлаж, хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн “Э...” ХХК-ийг шалгаруулж, давуу байдал бий болгосон,
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар ажиллах хугацаандаа 2021 онд хөрөнгө орлого нь их хэмжээгээр буюу 500 мянган ам.доллароор нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), мөн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар хөрөнгөжсөн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ж.Г-г албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, нийтийн албан тушаалтан хахууль авсан гэсэн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял, 3 жилийн хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 277 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор,
-Дээрх хахууль авах гэмт хэрэгт хамтран оролцсон Н.Г-ыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял,
-Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Г-ыг бусадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.