Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өнөөдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг дахин томилох боломжтой эсэхтэй холбоотой маргааныг хэлэлцэж, эцсийн шийдвэрээ гаргалаа.
Тодруулбал, 2021 онд баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан байдаг. Харин иргэн уг заалтын “...зөвхөн нэг удаа...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ.
Уг гомдлыг Цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэн, “...зөвхөн нэг удаа...” гэх зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгох эцсийн шийдвэр гаргасан байна. Ингэснээр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар дахин томилох эрх зүйн боломж бүрдэж байгаа юм.
Цэцийн тайлбарласнаар, 2016 онд Үндсэн хуулийн цэц “нэг удаа томилно” гэсэн өмнөх зохицуулалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байсан бөгөөд Улсын Их Хурал тухайн үед уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хуулиас хасаж байжээ. Харин 2021 онд баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль-д “...зөвхөн нэг удаа...” гэсэн агуулгыг дахин тусгасан нь өмнө хүчингүй болсон зохицуулалтыг сэргээсэнтэй адил гэж Цэц дүгнэсэн байна. Мөн өмнө нь хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин хуульчилсан нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн байх Үндсэн хуулийн зарчимд харшилсан гэж үзжээ.