Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн 9 болон 11 дүгээр ангийн сурагчид нэгнийхээ биед халдаж хүнд гэмтээсэн тохиолдол гарсан. Тэгвэл энэ асуудлаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч, С.Баярбилэг “Тухайн хэргийн хувьд бага насны хүүхдүүд цахим орчинд тавьсан зурагтай холбоотойгоор хоорондоо үл ойлголцол, нэгнийхээ биед халдсан байж болзошгүй байна. Хохирогч хүүхдийн хамгаалах байранд авсан. Одоогоор шалгалтын ажил үргэлжилж байна. Үе тэнгийн дээрэлхэлтийн дийлэнх шалтгаан нь бусдын ярианд автах, цахим орчинд өөртөө нь холбоотой мэдээлэл тараах зэрэгт өш санах, харагдах байдлаар нь гадуурхаж дээрэлхэх зэрэг шалтгаанууд байна. Тухайн хүүхдийн үйлдсэн хэргээс хамааран 14 наснаас дээш настай бол тохирох хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай” гэлээ.