ОХУ дизель болон онгоцны түлшний экспортоо хязгаарлаж магадгүй

ОХУ дизель болон онгоцны түлшний экспортоо хязгаарлаж магадгүй

Interfax агентлагийн мэдээлснээр, АНУ болон Ираны хоорондын яриа хэлэлцээ урагшилж магадгүй гэсэн хүлээлт нэмэгдсэнээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурчээ.

Тодруулбал, хоёр улсын хэлэлцээ ахицтай үргэлжилж, Персийн булан дахь нийлүүлэлтийн эрсдэл буурч магадгүй гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд бий болсон байна. Үүний нөлөөгөөр брент төрлийн газрын тосны үнэ буурч, баррель нь 98 ам.доллар орчимд хүрсэн талаар мэдээлжээ. Мөн ОХУ дотоодын түлшний нийлүүлэлтээ тогтворжуулах зорилгоор дизель болон нисэх онгоцны түлшний экспортод хязгаарлалт хийхээр хэлэлцэж байгаа нь зах зээлд дарамт үзүүлж байгааг эх сурвалжууд онцолсон байна.

“OilX” аналитик компанийн тооцоолсноор ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүдийн өдөрт боловсруулах хэмжээ дөрөвдүгээр сард 4.69 сая баррель болж буурсан нь сүүлийн 16 орчим жилийн хамгийн доод үзүүлэлтэд тооцогдож байгаа аж. Гэсэн ч АНУ, Ираны хооронд гал зогсоох болон худалдааны шинэ тохиролцооны талаар эерэг мэдээлэл гарч эхэлснээр газрын тосны зах зээл дэх нийлүүлэлтийн тасалдлын эрсдэл хэсэгчлэн буурч, үнэ эргэн сулрахад нөлөөлж буйг онцолжээ.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia