Өнөөдөр /2026.05.27/ Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд “Бурхан багшийн Их Дүйчэн-2026” тахилын өдөрлөг зохион байгуулагдаж байна.
Тус өдөрлөг Жанрайсиг бурханы дуганы өмнөх талбайд болох бөгөөд иргэд олон нийтэд зориулсан шашин, уламжлалт анагаах ухааны нээлттэй арга хэмжээнүүдийг багтаажээ.
Өдөрлөгийн хүрээнд өглөөний 08:00-11:30 цагийн хооронд Бурхан багшийн гурван дүрд олон нийтээр тахил өргөж, буян хураах үйл ажиллагаа болох юм. Мөн 10:00-15:00 цагт уламжлалт анагаах ухааны эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, зөвлөгөө өгөхөөр төлөвлөжээ. Үүнээс гадна 11:30-14:30 цагийн хооронд уламжлалт анагаах ухааны чиглэлийн сургалт, мэдээллийн хөтөлбөр зохион байгуулагдах бөгөөд салбарын эмч, мэргэжилтнүүд дараах сэдвүүдээр илтгэл тавина. Үүнд:
- “Өвчин үүсгэх дотоод, гадаад хүчин зүйлс” сэдвээр “Равжид Бавуу Мед” эмнэлгийн ахлах зэргийн эмч, анагаах ухааны магистр Ц.Жавхланбаатар,
- “Улирлын хооллолт” сэдвээр “Агниста” уламжлалт эмнэлгийн эмч С.Зоригтхүү,
- “Нялхсын адын өвчин, хүүхдийг ширэглэхийн учир” сэдвээр “Бомбордук уламжлалт эмнэлгийн эмч С.Сувд,
- “Зөв хооллолт, хялбар ойлголт” сэдвээр “Амин хүрдэн” төвийн хоол судлаач эмч З.Наранбаатар,
- “Монгол түмний цайны соёл” сэдвээр “Тэжээхүйн ухаан” ТББ тус тус мэдээлэл өгөх аж.