Төв аймагт БНСУ-ын буцалтгүй тусламжаар адууны эмнэлэг барих санал танилцууллаа

Төв аймагт БНСУ-ын буцалтгүй тусламжаар адууны эмнэлэг барих санал танилцууллаа

Төв аймгийн Сэргэлэн суманд Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Адууны эмнэлэг барих төсөл”-ийг хэрэгжүүлэх саналыг аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонд танилцуулжээ.

Төслийн хүрээнд адууны өвчлөлийг эрт оношлох, эмчлэх, эрүүлжүүлэх чиглэлийн мэргэжлийн төв байгуулах бөгөөд ингэснээр мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, адуу аж ахуйн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Сэргэлэн сум нь адууны тоо толгой олонтой, хурдан морины соёл өргөн хөгжсөн бүс нутаг учир мэргэжлийн түвшний адууны эмнэлэг шаардлагатай байгааг талууд онцолсон байна.

Уулзалтын үеэр Элчин сайд Чой Жин Вон төслийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Мөн төслийг бодит ажил хэрэг болгохын тулд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Сангийн яам-ны зүгээс дэмжсэн албан бичгийг БНСУ-ын Элчин сайдын яаманд хүргүүлэх шаардлагатайг дурдсан байна. Одоогийн байдлаар уг төсөл саналын шатандаа байгаа бөгөөд цаашдын санхүүжилт, хэрэгжилтийн асуудал нь холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, албан ёсны дэмжлэгээс хамаарах юм.