СУРВАЛЖИЛГА: 2 жилийн өмнө эхэлсэн Сэлбэ голын эргийг тохижуулах ажил ирэх сард дуусгах товтой ч, тохижилт 50 хүрэхгүй хувьтай үргэлжилж байна

СУРВАЛЖИЛГА: 2 жилийн өмнө эхэлсэн Сэлбэ голын эргийг тохижуулах ажил ирэх сард дуусгах товтой ч, тохижилт 50 хүрэхгүй хувьтай үргэлжилж байна

Дунд голын эхээс Натурын гүүр хүртэл 1.4 км үргэлжлэх үерийн түшиц хана барих ажил өнгөрсөн есдүгээр сард дуусч, ажлаа хүлээлгэн өгсөн. Үргэлжлүүлэн явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлыг хариуцах “Силла групп” ажлаа хүлээн авсан бөгөөд ирэх зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж буй юм. Тэгвэл тавдугаар сарын сүүлч болж, бороо хур наашилсан энэ үед Isee.mn сайтын сурвалжлах баг “Сэлбэ гол”-ыг зорьж, бүтээн байгуулалтын ажлын явцыг сурвалжиллаа.

ВИДЕО: 

Одоогийн байдлаар явган хүний чулуун замын суурь ажлыг хийж, хайрга дэвссэн бөгөөд Натурын гүүрнээс эхлэн чулуун хавтангаар хучиж эхэлсэн дүр зурагтай байна. Үүний зэрэгцээ хиймэл ногоон зүлэг суулгах ажил үргэлжилж байгаа ч нийт талбайн гуравны нэг орчим хэсгийг л зүлэгжүүлээд байгаа аж.

Түүнчлэн далангийн доторх тохижилт руу орох зориулалттай дөрвөн шатыг төлөвлөсөн байх бөгөөд одоогийн байдлаар Натурын гүүр талаар орох хоёр талын шатыг хийж гүйцэтгэсэн байна. Үүгээр дамжин иргэд ямартай ч Сэлбэ голын тохижилтыг сонирхохын зэрэгцээ голын эргээр алхах боломжтой болж эхэлж байна. Гэсэн ч чулуун зам хэдхэн метр үргэлжлээд дуусах төдийгүй дөнгөж ургаж эхэлж байгаа зүлгэн дээр гишгэхгүй байхыг ажилчид анхааруулж байлаа. 

- ОРОЙН ЦАГААР ГАДНА ТАЛЫН ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ, ӨДРИЙН ЦАГААР ДАЛАНГИЙН ДОТОРХ ТОХИЖИЛТЫГ ХИЙЖ БАЙГАА - 

Үерийн түшиц хана барих болон урсац тохируулгын ажлыг нийслэлийн төсвийн 20 тэрбум төгрөгөөр “Билгүүн консракшн” ХХК 2024 оны зургаадугаар сарын 20-ноос 2025 оны наймдугаар сарын 20-ны хугацаанд хийж гүйцэтгэсэн байдаг. Харин  тохижилтын ажилд нийслэлийн төсвөөс 220.3 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд ирэх зургадугаар сард ашиглалтанд орох бүтээн байгуулалт 50 хувьдаа ч хүрээгүй байдалтай үргэлжилж байлаа. 

Бүтээн байгуулалтын ажил ийн удааширч буй шалтгааны талаар “Силла групп”-ийн төслийн удирдагч Х.Халиун тайлбарлахдаа, далангийн гадна талын явган замын ажлыг автомашины хөдөлгөөн саарсны дараа буюу оройн 22:00 цагаас хойш үргэлжлүүлэн хийдэг гэв. Харин өдрийн цагаар далангийн дотор хэсгийн явган зам болон ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн юм. 

- СЭЛБЭ ГОЛЫН ЭХЭНД БАРИГДСАН УСАН САНД БОРООНЫ УСЫГ ХУРИМТЛУУЛЖ ҮЕРИЙН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛНЭ - 

Үерийн хамгаалалтын далан дотор ногоон байгууламж хийх ажилд иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа. "Нэг хүчтэй бороо ороход л урсаад алга болно” гэсэн байр суурийг иргэд сошиал орчинд хүчтэй илэрхийлж байгаа. Төслийн багийнхан голын эхэнд хийгдсэн усан санд борооны усыг хуримтлуулж үерийн эрсдэлээс сэргийлэхээр ажиллаж байгаа хэмээн ярилаа. 

Тодруулбал, Сэлбэ голын урсацыг тохируулах зорилгоор үерийн оргил урсцыг хуримтлуулах усан сан байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү усан сан нь үерийн үеэр голын хамгийн их ачаалалтай урсацыг нэг дор хуримтлуулж, хотын суурьшлын бүс рүү чиглэх усны хүчийг сааруулах үндсэн зориулалттай инженерийн байгууламж юм. Төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо болон Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 50 орчим га талбайд таван шатлалт усан сан, жижиг хиймэл нуурууд байгуулахаар төлөвлөжээ. Уг усан сан нь 1.3 сая шоо метр ус хуримтлуулах хүчин чадалтай бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 2025 оноос эхлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, голын эхэнд усыг хуримтлуулах сангууд байгуулснаар хотын төвөөр урсах Сэлбэ голын урсацыг хянаж, үерийн аюултай усыг далан руу орохоос өмнө тогтоон барих инженерийн шийдлийг хэрэгжүүлж буй аж. 

Ямартай ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэдийн магтаал, шүүмжлэлийн дунд өрнөсөн Сэлбэ голын бүтээн байгуулалтын ажил ажилтнуудын хэлж буйгаар 50  орчим хувьтай үргэлжилж байгаа бөгөөд үлдсэн тохижилтын ажлыг ирэх сард багтаан дуусгахаар ажиллаж байгаа юм.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө