Өнгөрөгч 2025 оны арваннэгдүгээр сард Тэс сумын суурьшлын бүсэд орж ирсэн хүрэн баавгайг авран хамгаалах ажиллагааг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулсан байна.
Тодруулбал, Увс аймгийн Байгаль орчны газар, сумын удирдлага, албан хаагчид болон мэргэжлийн байгууллагууд 20 гаруй хоног ажилласны үр дүнд баавгайг амьд баригчаар барьж, аюул эрсдэл учруулахаас нь өмнө тээвэрлэн Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт хүргэсэн аж. Тухайн үед өвөл эхэлж, уул хангай цасаар хучигдсан байсан тул баавгайг шууд байгальд нь тавих боломжгүй нөхцөл үүссэн байна. Иймээс Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа хүрэн баавгайг хүлээн авч, өвөлжүүлэн тэжээж хамгаалжээ. Улмаар хүрэн баавгайг 2026 оны тавдугаар сарын 25-ны өдөр байгальд нь буцаан тавьсан байна.