Монголын шүүх засаглалын төв институцүүдийн нэг Үндсэн хуулийн цэц дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо. Энэ удаа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг “зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг өнөөдөр /2026.05.27/ хэлэлцэх гэж буй нь улс төр, хууль зүйн хүрээнд төдийгүй олон нийтийн дунд ч хардлага төрүүлж байна.
Асуудлын гол зангилаа нь ердөө ганц өгүүлбэр. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7-д “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг ... зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан байдаг. Харин Үндсэн хуулийн цэц “зөвхөн нэг удаа” гэсэн хэсгийг Үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг хэлэлцэхээр Их суудлын хуралдаанаа товлосон байгаа юм.
ҮХЦ “ЗӨВХӨН НЭГ УДАА” ГЭСЭН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗВЭЛ Д.ГАНЗОРИГ УЛИРАН ТОМИЛОГДОХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ
Энэ нөхцөлд яагаад энэ асуудал олон нийтийн анхаарал, шүүмжлэлийг дагуулав гэх асуулт гарна. Тодруулбал, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны зургаадугаар сарын 2-нд дуусгавар болох гэж байгаа. Харин түүнээс хэдхэн хоногийн өмнө Үндсэн хуулийн цэц дээрх асуудлыг хэлэлцэж буй нь санамсаргүй давхцал гэхээс илүүтэй тодорхой зорилготой юу гэх хардлага дагуулж буй юм. Хэрэв Цэц “зөвхөн нэг удаа” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Д.Ганзориг дахин улиран томилогдох эрх зүйн боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, шүүхийн дээд байгууллагын тэргүүнийг хугацаагүй шахам “улираан” ажиллуулдаг хаалга нээгдэнэ.
ҮХЦ-ИЙН ДАРГА Г.БАЯСГАЛАНГИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ДУУСГАВАР БОЛООД НЭГ ЖИЛИЙН ХУГАЦАА ӨНГӨРСӨН
Нөгөө талаас Үндсэн хуулийн цэц өөрөө бүрэн бүрэлдэхүүнтэй, хууль зүйн маргаангүй нөхцөлд ажиллаж байна уу гэсэн асуулт мөн гарч ирж байна. Тухайлбал, Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод тодорхой нэг жилийн хугацаа өнгөрсөн ч тэрбээр одоо хүртэл хэрэг хуваарилж байгаа талаар хуульчид шүүмжилсээр байгаа юм. Үүнээс гадна Цэцийн гишүүн Ц.Өлзийсайханы өөрийн хүсэлтээр 2025оны 11 сард ажлаасаа чөлөөлөгдсөн ч нөхөгдөөгүй хэвээр байна.
Энэ асуудлыг парламент дахь улс төрийн хүчнүүд ч хөндөж эхэлжээ. УИХ дахь АН-ын бүлгээс Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлөх, сул орон тоог нөхөх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Цэцийг “улс төрийн шүүх болж хувирсан” хэмээн шүүмжиллээ. Гэхдээ бодит байдал дээр сүүлийн жилүүдэд Цэцийн шийдвэрүүдтэй холбоотой маргаанууд ийм хардлагыг дагуулж ирсэн нь бодит үнэн юм.
Ялангуяа эрүүгийн эрх зүйн хүрээнд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлууд дээр Цэц болон Улсын дээд шүүхийн тайлбарууд удаа дараа маргаан дагуулсан.
ҮХЦ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ХЭРХЭН ТООЛОХ ТУХАЙ АСУУДАЛД 4 ЖИЛИЙН ХУГАЦААНД ӨӨРИЙНХӨӨ ШИЙДВЭРИЙГ ӨӨРӨӨ ҮГҮЙСГЭЖ, ДЭЭД ШҮҮХЭД ХҮРТЭЛ БУУЛТ ХИЙВ
Тодруулбал, 2021 оны 06 сарын 04-ны өдрийн Их суудалын хуралдаанаар УИХ-аас 2020 оны 01 сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэж байсан билээ. Гэтэл Улсын Дээд шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар” 11 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолыг гаргаж Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 01 дугаартай дугаартай тогтоолыг үгүйсгэж, УИХ-ийн хийсэн Үндсэн хууль зөрчсөн агууллагатай ижил байдлаар тайлбарласан билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар” 11 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээгүй гэж үзэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар тогтоол гаргасан билээ.
Ийнхүү Үндсэн хуулийн Цэцээс хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох тухай асуудалд 4 жилийн хугацаанд өөр, өөр тайлбарыг гаргаж, өмнө шийдвэрлэх байсан шийдлээсээ өөрөө шийдвэрлэж, өөрийнхөө шийдвэрийг өөрөө үгүйсгэж, өөрийн байр сууриасаа ухарч, Дээд шүүхэд буулт хийж, энэхүү хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал маргаан дагуулсан хэвээр байна.
Эдгээр үйл явдлыг нэгтгэн харвал өнөөдрийн маргаан зөвхөн нэг албан тушаалтны улиран томилогдох эсэх тухай асуудал биш болжээ. Илүү өргөн хүрээнд авч үзвэл Монгол Улсад шүүх засаглалын хараат бус байдал, Үндсэн хуулийн хяналтын байгууллагын институцийн тогтвортой байдлын тухай асуудал яригдаж байна. Хэрэв өнөөдөр Бүрэн эрх нь дууссан Г.Баясгалан дарга Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг “улираах” шийдвэр гаргавал ҮХЦ-д итгэл олон нийтийн итгэлд "сүүдэр тусна".