АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн өмч хувьчлал, гэрээний хэрэгжилтийн нөхцөл байдал, хүүхдийн зусланг зориулалтын бусаар ашиглаж байгаа зөрчлийг арилгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хүүхдийн эрхийг хангуулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсэг “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт”, “Ундраа” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлал, гэрээний хэрэгжилт, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Хяналт шалгалтаар 2007 онд Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолоор хувьчлагдсан зарим хүүхдийн зуслангийн хувьчлал нь хууль журмыг зөрчсөн, гэрээнд заасны дагуу зохих хяналтыг хэрэгжүүлээгүй, гэрээ дүгнэсэн баримт материал байхгүй, зориулалтын дагуу ажиллуулаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Соёл” хүүхдийн зуслан тухайн үед Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтны хамаарал бүхий этгээдийн нэр дээр хууль бусаар хувьчлагдсан, гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн, хүүхдийн зусланг зориулалтын дагуу ажиллуулаагүй, өнөөдрийн байдлаар хүүхдийн зуслангийн байшин, барилга байхгүй байв.
Хяналт шалгалтын явцад Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн А/110 дугаар захирамжаар “Соёл” зуслангийн 10 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд газрын эрхийг бусдад шилжүүлэхгүй байх талаар сумын Засаг даргад албан шаардлага хүргүүлжээ.

Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах “Өлзийт” зуслан нь чанарын шаардлага хангахгүй хуучин байшингуудтай, хашаа нь тоногдсон, хүүхдийн зуслангийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байна.
“Хандгайт” хүүхдийн зуслан нь “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшилд байх бөгөөд хүүхдийн зуслангийн газрын хэмжээ анх 30,6 га байсан бол одоогийн байдлаар 19,7 га болж багассан байна. Тухайн хүүхдийн зуслангийн газраас мод үржүүлгийн болон гэр бүлийн хэрэгцээнд нэр бүхий иргэдэд эзэмшүүлж байгааг нарийвчлан шалгаж байна.