Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилтийг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан Ажлын хэсэг шалгаж эхлээд байгаа билээ.
Тодруулбал тус Ажлын хэсэг “Туулын хурдны зам”, “Сэлбэ 20 минутын хот”, “Шинэ тойрог авто зам”-ын урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, “Улаанбаатар метро төсөл” гэх мэт томоохон төслүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байгаа.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар хамтарсан Ажлын хэсгийнхэн нийслэлийн төр захиргааны байр Хангарди ордонд байрлах төслийн нэгж, газар, хэлтсүүдэд ажиллаж, холбогдох баримт бичгийг хураан авч, зарим байгууллагын дансыг битүүмжлэн шалгаж байгаа аж. Мөн дээрх төслүүдийн сонгон шалгаруулалт нь холбогдох хууль зөрчсөн эсэх талаар зөвлөмж гаргуулахаар Сангийн яаманд материалуудыг хүргүүлээд байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Мөн холбогдох гэрчүүдээс мэдүүлэг, тайлбар авах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Ташрамд өгүүлэхэд, “Туулын хурдны зам"-ын төсөлтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг яллагдагчаар татан цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бол “Сэлбэ 20 минутын хот” төсөлтэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг яллагдагчаар татан, Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөн л мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Түүнчлэн “Шинэ тойрог авто зам”-ын төслөөр Хотын даргын орлогч асан Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа, “Улаанбаатар метро төсөл”-өөр Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалай нарыг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий.
Ямартай ч тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан Ажлын хэсэг нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн холбогдох бичиг баримтуудыг шалгаж, гэрчүүдээс тайлбар, мэдүүлэг авч эхэлсэн байна.