Дундговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ

Дундговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ

Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан, мөн энэ сарын 21, 22-ны өдрүүдэд хүчтэй салхи, шуурганы нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгааг харгалзан 2026 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийг дуустал гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Аймгийн Онцгой байдлын газраас иргэдийг аюулгүй байдлаа хангах, шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байхыг зөвлөж байна. Мөн мал, тээврийн хэрэгсэл болон гэр ахуйн эд зүйлсээ хамгаалах арга хэмжээ авч, онцгой байдлын албаны заавар зөвлөмжийг анхааралтай дагахыг анхаарууллаа.