Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 1068 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг зохицуулалттай.
Хуулийн дагуу тухайн иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, улмаар 2,700-аас 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-өөс 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэдэг байна. Мөн нөхцөл байдлаас шалтгаалан 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.
Тиймээс цагдаагийн байгууллагаас жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөхийг анхааруулж байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас сэргийлэхийг уриаллаа.