Цалинтай иргэнээс 10 хувийн татвар, тэрбумын орлоготой иргэнд 1 хувийн татвар ногдуулах "тэгш бус" хуулийн төслийг өргөн барьжээ

Цалинтай иргэнээс 10 хувийн татвар, тэрбумын орлоготой иргэнд 1 хувийн татвар ногдуулах "тэгш бус" хуулийн төслийг өргөн барьжээ

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар Татварын багц хуулийн төслөө Улсын Их Хуралд өргөн бариад байна. Уг төсөлд жижиг бизнес эрхлэгчид, бага орлоготой иргэдэд тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэхийн зэрэгцээ өндөр орлоготой аж ахуйн нэгжүүдэд шаталсан татварын ачааллыг хадгалсан өөрчлөлтүүд багтжээ. 

Шаталсан байдлаар татвараа тогтоох нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нийтлэг жишиг болоод байгаа.  Тухайлбал, бидний хамгийн ойрын жишээ болох БНСУ гэхэд 2018 оноос 300 тэрбум воноос дээш орлоготой аварга корпорациуддаа 25 хувийн татвар ногдуулдаг, өнөөгийн дөрвөн шатлалтай бүтэц рүү орсон байдаг.  Гэтэл тэд өнөөдрийнх шиг өндөр шатлалтай татварын тогтолцоогоо эдийн засаг нь хүчирхэгжиж, үндэсний компаниуд нь дэлхийн зах зээлд өрсөлдөх хэмжээнд хүрсний дараа үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Харин Монголын хувьд дэлхийн хөгжингүй орнуудын “баяжсаны дараа" хэрэгжүүлдэг татварын бодлогыг “баяжаагүй” эдийн засагтаа хэрэгжүүлэх гээд байна уу гэх асуулт ургаад байгаа юм. 

- 10 ТЭРБУМААС ДЭЭШ ОРЛОГОТОЙ КОМПАНИ 25 ХУВИЙН ТАТВАР ТӨЛӨХ БОЛ 2.5 ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ КОМПАНИ НЭГ ХУВИЙН ТАТВАР ТӨЛНӨ - 

Үргэжлүүлэн одоо манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг харвал 0-6 тэрбум төгрөгийн татвар ногдох орлоготой аж ахуйн нэгжүүд 10 хувийн татвар төлж, зургаан тэрбумаас давсан хэсэгт 25 хувийн татвар ногдуулдаг тогтолцоотой. 

Харин шинэ хуулийн төсөлд;

  • 0-6 тэрбум төгрөгийн орлогод 10 хувь,
  • 6-10 тэрбум төгрөгийн орлогод 600 сая төгрөг дээр зургаан тэрбумаас давсан хэсэгт 15 хувь,
  • 10 тэрбумаас дээш орлогод 1.2 тэрбум төгрөг дээр давсан хэсэгт 25 хувийн татвар ногдуулахаар тусгажээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Үүнийг өнгөц харахад татварын шатлал нэмэгдэж, 25 хувийн өндөр татварт шууд орох босгыг 10 тэрбум болгож дээшлүүлсэн мэт боловч “орлого өсөх тусам өндөр татвар төл” гэсэн үндсэн агуулга хэвээр үлджээ.  Ялангуяа манай улс шиг зах зээл жижиг, хөрөнгө оруулалтын орчин эмзэг эдийн засагт 10 тэрбум төгрөгийн орлоготой компанийг “том бизнес” гэж үзэн өндөр шатлал руу оруулж байгаа нь ч өөрөө учир дутагдалтай юм. Учир нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад өндөр татвар төлдөг аварга корпорациудын заримынх нь ганц өдрийн орлого Монголын энэ босгоос хэд дахин өндөр байдаг биз ээ. Нөгөө талд нь жижиг, бичил бизнесүүдийн хувьд хөнгөлөлттэй татварын босгыг нэмэгдүүлсэн өөрчлөлт оржээ.

Одоо мөрдөгдөж буй хуулиар 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд 1 хувийн татвар төлдөг байсан бол шинэ төслөөр энэ босгыг 2.5 тэрбум төгрөг болгон өсгөсөн байна. Ингэснээр илүү олон жижиг, дунд бизнес хөнгөлөлттэй татварын горимд хамрагдах сайн талтай. 

Гэвч үүнийг бас зарим бизнес эрхлэгчид овжиноор ашиглаж олон жижиг компанитай болсон тохиолдлыг ч бид учрыг нь сайн ойлгохгүй ч шоглон ярилцдаг нь бий. Энэ нь явсаар наанадаж энэ овжин бизнес эрхлэгчидийн татвараас зугтах нөхцлийг бүрдүүлж, цаанадаж манай улс дэлхийн зах зээлд гарах том бизнес хөгжих боломж хумигдаж байгаа юм. 

- НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОТОЙ ИРГЭН НЭГ ХУВИЙН ТАТВАР, ХОЁР САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНГИЙН ОРЛОГОТОЙ ИРГЭН 10 ХУВИЙН ТАТВАР ТӨЛНӨ - 

Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд оруулах өөрчлөлтөөр жилийн нэг тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой иргэн борлуулалтын орлогын нийт дүнгээс 1 хувийн татвар төлөх боломжтой болж байна. Тодруулбал, жилийн баталгаажсан тайлангаар нэг тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой иргэн хүсэлт гаргавал үйл ажиллагааныхаа нийт орлогоос шууд 1 хувийн татвар төлөх зохицуулалт оржээ. Өөрөөр хэлбэл, цалингийн орлоготой иргэн нийт орлогынхоо 10 хувийг татварт өгч байхад өндөр хэмжээний борлуулалтын орлоготой иргэн нийт орлогоосоо ердөө 1 хувийн татвар төлнө гэсэн үг юм. 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Үүнийг энгийнээр тайлбарлавал:

  • сард 2 сая төгрөгийн буюу жилд 24 сая төгрөгийн цалинтай иргэн 10 хувийн татвараар жилдээ 2.4 сая төгрөгийн татвар төлнө.
  • Харин жилийн нэг тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой иргэн нийт орлогоосоо нэг хувь буюу 10 сая төгрөгийн татвар төлөхөөр болж байна.

Мөн энэхүү хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн татварыг 100 хувь хөнгөлөх, анхны өмчилсөн орон сууцаа борлуулсан иргэнийг үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвараас бүрэн чөлөөлөх зохицуулалт багтжээ. Түүнчлэн тухайн жилийн нийт 9 сая 504 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох татварыг 100 хувь хөнгөлөхөөр тусгасан байна. Өөрөөр хэлбэл, жилийн 20 сая төгрөгийн орлоготой иргэний эхний 9.5 сая төгрөгт ногдох татвар чөлөөлөгдөж, үлдсэн хэсэгт нь татвар тооцогдоно гэсэн үг. Эцэст нь энэхүү өргөн барьсан татварын багц хуулиар нэг талаас жижиг бизнесүүдийг хөнгөлөлттэй горимд хамруулж буй ч нөгөө талд тогтмол ажил хийж, цалингийн орлоготой иргэд болон томоохон компаниудад илүү өндөр хувьтай татвар төлдөг байдал хэвээр үлджээ.