Ерөнхий сайд Н.Учрал захирамж гаргаж, Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын даргын ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн.
Тэрбээр, энэ оны тавдугаар сарын 16-нд "Дэнжийн мянга" зах дээр ажиллаж үеэрээ "Зүгээр байгаа бродюр сольж байхын оронд нөөцийн махаа хангалттай бэлдсэнгүй. Энэ асуудалд маш их гомдолтой байна. Хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр АТГ, ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөх үеэрээ "Улаанбаатарын захирагч Х.Нямбаатар үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Тусгай ажлын хэсэг гаргаж шалга" гэсэн үүргийг өгсөн.
ВИДЕО:
Тэгвэл энэхүү мэдэгдлийн дараа Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсандаа лайв хийсэн байдаг. Энэхүү лайвын үеэр "Миний нэр хүнд Н.Учралаас илүү гарчихаад байгаа болохоор намайг зайлуулж байна. Улс орныг удирдахад чиний толгой чинь хүрэхгүй, би чамайг хар нялхаас чинь мэднэ шүү дээ. Чи нэг дүүрэг удирдаад ч сонгуульд ялж үзээгүй алиа бацаан. Чи миний зовлогыг л хорино уу гэхээс зориг зүрхийг хорьж чадахгүй бацаан минь" хэмээсэн байдаг.
ВИДЕО:
Төрийн дээд албан тушаал хашиж байгаа хүн цахим хуудсаараа хүнийг илтэд доромжилж байгаа нь олны дургүйцлийг хүргэсэн. Түүний хувьд "Хотын даргын суудлаас алж байж буулгаарай" гэж мэдэгдэж байсан боловч өнөөдөр /2026.05.18/ өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болоод буй. Гэхдээ Х.Нямбаатар ажлаа өгсөн гээд санаа амар сууж чадахгүй л болов уу. Ерөнхий сайд Н.Учрал түүний хийсэн ажлуудад тусгай ажлын хэсэг гаргаж шалгах үүрэг өгсөн билээ.
Эргэн сануулахад, Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болоод байгаа. Тиймээс ч цагдаагийн байгууллагаас тухайн хэргийг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлж, улмаар тус газраас Т.Даваадалайг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй. Тодруулбал, Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан хахууль авах, 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах, 17.4 дүгээр зүйл буюу хөрөнгө завших гэсэн зүйл ангиудаар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ.