ВИДЕО: Хятад иргэний хүсэлтээр Прокурорын битүүмжилсэн "Төхөм"-ийн уурхай шатаж эхэлсэн ба хээрийн түймэр дэгдэх эрсдэл үүсжээ

ВИДЕО: Хятад иргэний хүсэлтээр Прокурорын битүүмжилсэн "Төхөм"-ийн уурхай шатаж эхэлсэн ба хээрийн түймэр дэгдэх эрсдэл үүсжээ

БНХАУ-ын нэр бүхий иргэд "Олгой булаг" компанийн хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэ гэх 70 гаруй насны хүнийг өрийн, хуулийн занганд оруулж, Сүхбаатар аймагт байрлах "Төхөм"-ийн уурхайг нь өөрийн болгох гэж байж болзошгүй байгаа талаарх баримт мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Хятад иргэний гомдлоор "Олгой булаг" компанийн хувьцаа эзэмшигч Д.Эрдэнийг шалгаж буй хэрэг өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй төдийгүй тус компанийн эзэмшлийн "Төхөм"-ийн уурхай шатаж, байгалийн баялаг үнс болж, Сүхбаатар аймагт ч хээрийн түймэр дэгдэх ноцтой нөхцөл байдал үүсээд байгаа асуудлыг бид энэ удаад "Баримтын мөр" нэвтрүүлгээрээ хөндөж байна. 

ВИДЕО: 

"Олгой булаг" ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар аймагт байх "Төхөм"-ийн уурхай нь нийтдээ 68 сая тонн нөөцтэй хүрэн нүүрсний орд. Тус уурхай нь баруун, зүүн гэсэн хоёр амтай бөгөөд баруун ам нь гэхэд 21 сая тонн нөөцтэй гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс дүгнэсэн байдаг аж. Гэтэл 68 сая тонн нөөцтэй хүрэн нүүрсний ордыг Ли Жуан Хуа гэх БНХАУ-ын иргэний гомдол, хүсэлтэд үндэслэн бүхэл нь хааснаас "Төхөм"-ийн уурхайн баруун, зүүн ам, мөн олборлосон байсан нүүрс шатаж, хуурайшилт ихтэй байгаа энэ үед гал алдаж, хээрийн түймэр дэгдэх эрсдэл ойрхон иржээ.

"Төхөм"-ийн уурхайн баруун ам шатаж, зүүн аманд шаталт эхэлжээ 2026.05.10

-АШИГГҮЙ АЖИЛЛАСАН ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН НЬ ХУУЛИЙН ХААЛГА ТАТУУЛЖЭЭ-

Тодруулбал, БНХАУ-д бүртгэлтэй "Мен дун Энержи" ХХК нь Сүхбаатар аймгийн “Төхөм”-ийн уурхайг эзэмшдэг “Олгой булаг” компанид “иж бүрэн хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн “Нэг бүс-Нэг Зам төхөм уурхай” нэртэй дундын компанийг 2017 онд  хоёр жилийн хугацаатай байгуулж, хамтын ажиллагаа эхлүүлсэн байдаг.

Гэтэл “Нэг бүс нэг зам төхөм уурхай” нэртэй дундын компани байгуулсан хятадын иргэн Ли Жуан Хуа тус компанийн дансанд “Төхөм”-ийн уурхайтай огт хамааралгүй орлого, зарлагын гүйлгээ хийж, хувь хүний данс мэт ашиглан, хөрс хуулалтын компаниудад өгөх өглөг, ажилчдын цалин, татварын өр хуримтлагдаж, “Төхөм”-ийн уурхайг эзэмшдэг “Олгой булаг” компани ашиг хүртэх бус алдагдалд орж эхэлсэн байгаа юм. Тиймээс ч тэд хамтын ажиллагааны гэрээгээ дүгнээд, үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн байдаг аж.

Гэтэл тэр цагаас эхлэн Ли Жуан Хуа гэх Хятадын иргэн “Төхөм”-ийн уурхайг эзэмшдэг “Олгой булаг” компанийн нэг хувьцаа эзэмшигч болох "Д.Эрдэнэд залилуулсан" хэмээн цагдаад хандсан байгаа юм. Зургаан жил орчим хуулийн байгууллагаас "уяа"-тай байсан эл хэрэгтэй холбоотойгоор прокуророос уурхайг удаа дараа бүхэлд нь битүүмжилсний уршгаар "Төхөм"-ийн уурхайн баруун амны нүүрс бүрэн шатаж, дахин ашиглахад асар их хэмжээний зардал, хөрөнгө гарах харамсалтай нөхцөл байдал тэнд хэдийнэ үүсжээ. 

"Төхөм"-ийн зүүн амнаас олборлосон нүүрс прокурорт лацдуулсаны дараа шатаж, хээрийн түймэр дэгдэх эрсдэл үүсжээ 2026.05.14

-ЛИ ЖУАН ХУА ГЭХ ХЯТАД ИРГЭНИЙ ХҮСЭЛТЭЭР УУРХАЙН ЗҮҮН АМЫГ ПРОКУРОРООС ХААСАН НЬ НҮҮРС ШАТАЖ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ДЭГДЭХ ЭРСДЛИЙГ ҮҮСГЭЖЭЭ-

Үүгээр зогсохгүй Ли Жуан Хуа гэх Хятадын иргэний хүсэлтээр энэ оны гуравдугаар сард /2026.03/ уурхайн зүүн амыг Хан-Уул дүүргийн прокуророос дахин хааснаас тус амнаас олборлосон 120 мянга гаруй тонн нүүрс шатаж, уурхайн баруун амны "гамшиг" тэнд нүүрлээд зогсохгүй, гал алдаж, хээрийн түймэр дэгдэх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Учир нь уурхайгаас олборлосон нүүрс агаарт урвалд орж, дотроосоо шатаж эхэлсэн байгаа юм.

Гэтэл уурхайг прокурорын тогтоолоор бүтэн битүүмжилсэн тул техник хэрэгслийг ашиглаж, уурхайн шатаж буй нүүрсийг унтраах, өөр газар руу зөөвөрлөх, зарж борлуулах зэрэг үйлдэл хийх боломжгүй байгаа аж.

Тиймээс  ч өнөөдрийг хүртэл нүүрс шатсаар байгаа бөгөөд салхины нөлөөгөөр түүнээс хээрийн түймэр дэгдэх эрсдэл үүсжээ. Харин энэ талаар "Олгой булаг" ХХК-ийн удирдлагууд холбогдох газруудад нь мэдээлж, уурхайг нээж өгөх хүсэлт тавьсан ч өнөөг хүртэл ямар нэгэн дорвитой хариу арга хэмжээ аваагүй байна.  Нөгөөтээгүүр, "Төхөм"-ийн уурхайг бүхэлд нь битүүмжилж, олон тонн нүүрс шатаж байгаа нь тухайн бүс нутагт оршин суудаг нутгийн иргэдийн эрүүл мэнд, амь нас, цаашлаад мал амьтны удмын санд сөргөөр нөлөөлж, малын дотор эрхтэн өвчилж байгаа талаарх гомдол мэдээлэл ч холбогдох мэргэжлийн газруудад ч ирэх болсон байна. 

Прокурорын битүүмжлэлд удаж буй "Төхөм"-ийн уурхайн баруун аманд их хэмжээний нуралт үүсжээ. 2026.05.10

-МӨРДӨН ШАЛГАХ ЯВЦ "ОЛГОЙ БУЛАГ" КОМПАНИД "ДАМПУУРЛЫН ЯЛ" ОНООЖ БАЙНА-

Угтаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд "хохирол нөхөн төлүүлэх" зорилгоор л бусдын хөрөнгийг битүүмжлэх заалт бий. Гэтэл Ли Жуан Хуа гэх Хятадын иргэний залилуулсан гэх хэрэгт "Олгой булаг" ХХК-ийн эзэмшлийн "Төхөм"-ийн уурхайн 21 сая тонны нөөцтэй баруун амыг битүүмжлээд зогсохгүй зүүн амыг мөн битүүмжилсэн нь дээрх эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байна. Иймд уг асуудлыг хууль хяналтын байгууллага анхааралдаа авахгүй бол "Олгой булаг" компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдөөд зогсохгүй Монгол Улсын байгалийн баялаг үнс болж, цаашлаад хээрийн түймэр дэгдэх эрсдэл бий болоод байна. Мөн Д.Эрдэнэ гэх 70 гаруй настай иргэний хэргийг шалгах нэрээр түүний хувьцаа эзэмшдэг "Олгой булаг" компани эдийн засгаараа “цаазлагдаж”, мөрдөн шалгах шат тэдэнд “дампуурлын ял” оноож буй бодит баримтыг бид хүргэлээ.  

Үргэлжлэл бий...