Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 иргэн эрүүл мэндээрээ хохирчээ

Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 иргэн эрүүл мэндээрээ хохирчээ

Тээврийн прокурорын газраас энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 302 хэргийг шүүхэд шилжүүлснээс 103 хэрэг нь явган хүний гарц дээр гарсан зам тээврийн осол байна.

Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 4 хүний эрүүл мэндэд хөнгөн, 59 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 28 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 12 хүний амь нас хохирсон байна. Үүнээс  хүүхэд хохирсон 16 тохиолдол байгаагаас нэг хүүхдийн амь нас хохирч, зургаан хүүхэд хүнд, найман хүүхэд хүндэвтэр, нэг хүүхэд хөнгөн гэмтсэн нь хүүхдүүд зам тээврийн осолд өртөх хамгийн эрсдэлтэй болохыг харуулж байна.  Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас өндөр настай хоёр хүний амь нас хохирч, 5 хүний эрүүл мэндэд хохирол учирчээ.  Мөн гадаад улсын нэг иргэн гэмтсэн байна.  Дээрх зам тээврийн ослын дийлэнх буюу 77.7 хувь нь өдрийн цагаар, үзэгдэх орчин чөлөөтэй үед гарсан байх бөгөөд жолооч явган хүний гарцын өмнө хурдаа сааруулаагүй, зам тавьж өгөөгүй, гэрлэн дохио үл тоомсорлосон, уулзвар, гарц дээр анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалан үйлдэгджээ. 

Тодруулбал, жолооч явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас 68, уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас 23, гэрлэн дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаагүй явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас тав, хориглосон гэрэл дохиогоор хөдөлгөөнд оролцсоны улмаас долоон хүнийг явган хүний гарц дээр мөргөсөн тохиолдол гарсан байна. Осол гаргасан жолооч нарын тав нь согтуугаар үйлдсэн бөгөөд нийтийн тээврийн хэрэгслийн жолооч осол гаргаж явган зорчигчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нэг тохиолдол байна.  

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар Жолооч нь зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн тохиолдолд заавал хурдаа хасах, зогсож явган зорчигчид зам тавьж өгөх, мөн зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчийг өнгөрөөх, хүлээх үүрэгтэй. Тиймээс жолооч та бүхэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган хүний гарцын өмнө хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч, Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, соёлтой  оролцохыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.