Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл “Худал мэдээлэл тараах” гэсэн заалт 2020 оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байдаг. Харин уг заалт нь иргэдийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байна хэмээн нэр бүхий нэр бүхий сэтгүүлчид ҮХЦ-д хандсанаар уг асуудлыг цэц 2025 оны арваннэгдүгээр сард хэлэлцэн уг заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн дүгнэсэн. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг гарч анхны хэлэлцүүлгээ өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцүүлгээ хийсэн юм. Тэгвэл энэ асуудлаар МСНЭ-ийн хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч Э.Боргилмаатай уг заалтын хэрэгжилт, ҮХЦ-ийн дүгнэлтийн ач холбогдол, цаашдын зохицуулалтын талаар ярилцлаа.
ВИДЕО:
-НЭР ТӨРД ХАЛДАХ ГЭДГИЙН ЦААНА ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛИЙН ТААМАГЛАХ, АСУУДАЛ ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ БООМИЛЖ БАЙСАН -
- Юуны өмнө урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа.
- Баярлалаа. Цаг үеийн чухал асуудлаар дэлгэрэнгүй ярих боломж олгосон танай хамт олон талархаж байна. Мөн уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе.
- “Худал мэдээлэл тараах” Эрүүгийн хуулийн 13.14-р зүйлийн талаар товчхон тайлбарлаж ярицлагаа эхлүүлье.
- Эрүүгийн хуулийн 13.14 “худал мэдээлэл тараах” зүйл нь бусдын нэр хүндийг хамгаалахад чиглэсэн зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл бусдын алдар хүнд, нэр төрийг худал мэдээллээс хамгаална гэсэн үг. Бусдын нэр хүндийг хамгаална гэсэн ч хэрэгжилтийн явцад бусдын нэр хүндийг ч хамгаалж чадахгүйд хүрч байсан. Худал мэдээлэл дотор үзэл бодол нь ч, доромжилсон гутаасан агуулга нь ч, шүүмжлэл нь ч, ёжилсон, ёгтолсон нь ч хамаарч байсан. Нэр төрд халдах гэдгийн “халдах” гэдгийн цаана чөлөөт хэвлэлийн таамаглах, асуудал дэвшүүлэх үйл явцыг энэ заалт хааж боомилж байсан.
- ҮХЦ ямар үндэслэлээр энэ хуулийг хүчингүй болгосон бэ?
- Үндсэн хуулиар иргэн бүрт олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг зөрчиж байна хэмээн ҮХЦ-ийн дүгнэлтэнд тусгасан. ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж авснаар Эрүүгийн хуулийн 13,14-р заалтыг хасч “Эрүүгийн хууль”-д өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдаад, ажил эхэлж байна. Ажлын хэсэгт мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлэх хөндлөнгийн байгууллагуудаас бүрдсэн дэд ажлын хэсэг байгуулагдсан. Үүнд хэвлэлийн салбарыг төлөөлөөд сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл орж ажиллаж байгаа. Ажлын хэсэг нэг удаа хуралдсан, нэг удаа олон нийтэд хандсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Бусдын нэр төрийг хамгаалах нь Үндсэн хуулийн үзэл санаа мөн. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй нэгэн адилаар хүн өөрийн нэр төртэй байх, алдар хүндээ хамгаалуулах эрхтэй. Үндсэн хуульд заасан хоёр эрхийг нэгийг нь эдлүүлэхийн тулд нөгөөг нь хязгаарлахгүй байх, хязгаарласан ч тэнцвэртэй байлгах хуулийн шаардлагыг хангаагүй байна гэдэг дүгнэлт ҮХЦ-ийн дүгнэлтэд багтаж байгаа. Нэр төртэй байх, алдар хүндтэй байх, тэр нь халдашгүй байх эрхийг хамгаалахын тулд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ямар нөхцөлд, ямар хэмжээгээр хязгаарлах юм бэ гэдэг нь хуулийн онолынхоо үүднээс энэ шалгуурыг хангах хэмжээнд байгаагүйг цэцийн дүгнэлт нарийн зааг ялгаатай гаргасан.
- МАШ ӨРГӨН ХҮРЭЭНД ГОМДОЛ ГАРГАДАГ Ч 10 ХҮРЭХГҮЙ ХУВЬ НЬ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН-
- Хууль 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд нийт хэдэн гомдол мэдээлэл ирсэн бэ? Үүнээс сэтгүүлчдэд хэдэн хувь нь ирсэн бэ?
- Бусдын нэр хүндийг гүтгэлгээс хамгаалах зохицуулалт эрүүгийн хуульд байсаар ирсэн. 2020 оноос ч өмнө энэ хууль гүтгэлгээс хамгаалах утгатай байсан. Үгээ хэлэх эрхийг хязгаарлахгүй хамгаалах ёстой, хэвлэлийн эрх чөлөөний индексийг Ардчилсан улс орнуудын хэмжээнд байлгахын тулд “Эрүүгийн хууль”-аас хасах ёстой гэсэн зөвлөмжүүдийг Монголын Засгийн газарт өгсөөр ирсэн. Энэ үүднээсээ зөрчлийн хуульд ч нэг хэсэг оруулж байв. “Зөрчлийн хууль”-д оруулах явцад гомдлыг шийдвэрлэх процесс нь хамгаалалтгүй байсан буюу байцаагч мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр өөрийн үзэмжээр тогтоож байна гэж үзсэн учраас буцаагаад 2020 онд “Эрүүгийн хууль”д оруулсан. Оруулахдаа өмнө нь байсан гүтгэх гэмт хэргээс нэр төрийг хамгаалах утга нь өөрчлөгдөж, “худал мэдээллээс хамгаалах” зохицуулалт болж хувирсан. Хууль хэрэгжих хугацаанд цагдаагийн байгууллагад 2402 гомдол ирсэн. Үүнээс 1600 орчимд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 176-г нь шүүхээс гэмт хэргийн шинжтэй байна хэмээн үзэж эрүүгийн хэрэг нээж яллагдагчаар татсан байдаг. Маш өргөн хүрээнд гомдол гаргадагч 10 хүрэхгүй хувь нь үндэстэй байгаад яллагдагчаар татагдаж байгаа. Шүүхээр буруутгагдаж байсан тохиолдол нь 42 хувь. Иргэд хоорондын нэгнийгээ сошиалд гутаан доромжилсон, засаг даргыгаа доромжилсон постыг хуваалцсан гэх мэт өргөн хүрээнд энэ асуудал явж ирсэн. Энэ нь иргэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхдээ болгоомжлох зэргээр нийгмийг айдаст автуулах заалт болж байна гэж ҮХЦ-ийн дүгнэлтэнд ч дурдсан байгаа. Нэр төрийг хамгаалах зохицуулалт “Иргэний хууль”-д мөн байдаг. “Иргэний хууль”-аар иргэд хөндөгдсөн нэр төрөө сэргээлгэх, хор хохирлыг нь төлүүлэх, иргэний журмаар иргэний шүүхэд хандуулан шийдүүлэх бололцоо байгаа. 1999 оноос хойш Иргэний хуулиар ч, Эрүүгийн хуулиар ч, Зөрчлийн хуульд байх хугацаанд ч нийт шүүхээр яллагдсан гэмт хэргийн тоо 1146 бий. Үүнээс холбогдсон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариуцагчаар татагдаж, гэмт буруутай нь тогтоогдсон нь 42 хувийг эзэлдэг. Гомдол гаргасан этгээдийн гуравны нэг хувь нь улс төрч, төрийн өндөр албан тушаалтан, төрийн байгууллага байна гэсэн статистик гарч байна. Тэгэхээр энэ хуулийн нэр төрийг хамгаалах гэдэг зохицуулалт хэвлэлд яах аргагүй хамаатай. Хэвлэлээр гарч байгаа агуулга үнэн бодитой байх, хариуцлагатай байхыг сануулахын зэрэгцээ чөлөөт хэвлэлийн шүүмжлэмтгий байх мөн чанар, сэтгүүлзүйн хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд маш халтай. Ялангуяа 13,14 бол эрүүл шүүмжлэл, дуу хоолойг боомилох маш халтай заалт болсон. Энэ зүйл цагдан хорих ялгүй шүү дээ. Гэтэл энэ хэрэгт ирсэн гомдлын мөрөөр шалгах явцдаа цагдан хорьсон тохиолдол гарч байсан. 21 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваад хоёроос 50 хоног хорьж шалгаж байсан тохиолдол бий. Энэ нь өөрөө хүний эрхийн ноцтой зөрчилд орж байгаа юм.
Хэвлэл мэдээлэл энэ заалтаас айдастай болсон. Хэнээс ямар гомдол ирж байгаа нь мэдэгдэхгүй, эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх нь тодорхойгүй олон хоногоор шалгаад байдаг. Хэдэн хоног шалгаж шийдвэрлэх нь нарийн заагдаагүй учир хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэг, хоёр жилээр дуудаж байцаадаг. Сэтгүүлчийн хувьд дараагийн эрэн сурвалжлах сэдэв рүү ороход асар их айдастай, өөрөө өөртөө урьдчилаад үнэнийг мэдээлэх цензурь тогтоох, дуу хоолойгоо цензурдэх айдсыг бий болгож байсан.
Харин ҮХЦ-ийн дүгнэлтээр энэ заалтыг хаслаа гэхэд бусдын нэр хүндийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуулт үлдэж байгаа. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Х.Тэмүүжин гишүүн ахлан ажиллаж байгаа. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш Хууль зүйн яам, хууль зүйн судалгааны хүрээлэнгүүд зэрэг олон газраас дүгнэлт санал авсан байна. Ирсэн дүгнэлтүүдээс харахад нэр хүндийг хамгаалах гэдэг нь Үндсэн хуульд халдашгүй байхаар иргэнд олгогдсон эрхийг хамгаалах ёстой гэсэн санал давамгайлж байгаа. Энэ дунд манай чөлөөт хэвлэл мэдээлэл ямар дуу хоолойтой, ямар эрх ашигтай байх вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг иргэн хайх, хүлээн авах эрхтэй. Хүний мэдэх эрх бол бас л хүний язгуур эрх шүү дээ. Боловсрох эрхтэй бас салшгүй холбогдож байдаг. Энэ эрхийг иргэнд үйлчлүүлэхийн төлөө 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн эрх ашиг нь юу юм бэ. Энэ эрх ашгийг “бусдын нэр төрийг хамгаалах” гэдэг Эрүүгийн хуулийн заалт яаж хөнддөг вэ. Эрүүгийн хуульд энэ заалт зайлшгүй байх ёстой гэж үзэж байгаа юм бол ямар хэмжээнд байх ёстой вэ гэдэг дээр бид өөрсдийнхөө эрх ашгийг тодорхойлох ёстой. Бид нарын мэргэжлийн эрх ашиг бол мэдээлэл хайх, хүлээн авах, төрд, төрийн байгууллагад байгаа мэдээллийг олж, тэнд байгаа мэдээллийн давуу эрхийг задалж, иргэдэд нээж өгөх. Энэ эрх ашгийг хамгаалахын тулд бидэнд мэдээлэл олж авах орон зай, мэдээллийг аваад мэдээлснийхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээж ялтан болохгүй байх эрхийн баталгааг ямар хэмжээнд тусгах ёстой вэ гэдэг асуудал дээр л өөрсдийнхөө дуу хоолойг илэрхийлэх ёстой болоод байгаа юм.
- Олон улсад худал мэдээллийн цар хүрээг яаж тогтоодог юм бэ?
- Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой хүний эрхийн шинжээчдийн дүгнэлтүүд өргөн хүрээнд гарсан байдаг. Энэ эрх чөлөөг албан тушаалтны эрх мэдлээ хэрэгжүүлэх эрхийг хамгаалах, нэр төрийн цаана энэ эрхийг маш нарийн заагаар хязгаарлана гэж тусгасан байдаг. Манай улс төрийн соёл ямар билээ, төр ямар эрх мэдэлтэй билээ, мөнгөний хуваарилалтыг яаж хийдэг, төрд ямар их баялаг хуримтлагдсан байгаа билээ. Үүнийг захиран зарцуулахын төлөө улс төрийн намууд яаж тэмцэлдэж, яаж засгаа нэгээс нөгөө рүү шилжүүлэн унагааж байгаа вэ гэдгийг бид бүгд харж байна.
Ийм авлигажсан улс төрийн соёлтой улс оронд чөлөөт хэвлэлийн дуу хоолойг нэр төрийг хамгаалах гэсэн бамбайны цаана нууж хаах нь монголын нөхцөлд яагаад ч тохирохгүй. Улс төрийн албан тушаалтнуудын хувьд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг өөрсдийн нэр төрийн эсрэг нээлттэй болгож тавибал ашиг сонирхлын зөрчилтэй асуудал болж хувирна.
Сэтгүүлчдэд асуудал байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ ямар ч мэдээлэл хогийн савнаас бэлэн олддог зүйл биш. Үүний төлөө тэмцдэг юм. Улстөрчдийг цохож, хардлага таамаглалаа дэвшүүлдэг. Үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нээж байж төр засаг ардчилсан байна, ардчилсан байхгүй бол өнөөгийн дэлхий ертөнцөд тухайн улс орон тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцоход маш хэцүү. Тэгэхээр НҮБ-аас манай Засгийн газарт удаа дараа чөлөөт хэвлэлд халтай байгаа хүний нэр төрийг хамгаалах эрүүгийн хуулийн зохицуулалтаа эргэж хараачээ гэдэг зөвлөмжийг өгсөөр ирсэн. Энэ зөвлөмжийг биелүүлэх нөхцөл ҮХЦ-ийн 10 дугаар дүгнэлтээр бүрдээд байгаа. Нэр төр хамгаалах заалтыг Иргэний хуульд байгаа иргэний эрх зүйн нөхцөлд шийдээд явах боломжтой. Үүнийг Эрүүгийн хуульд дахиж оруулах нь ухралт болно. Дэлхийн улсууд худал мэдээлэл тараах гэдэг зүйлийг ямар тохиолдолд гэмт хэрэгт тооцож байна гэхээр нийгмийн сайн сайхныг хамгаалахын тулд, эмх замбараагүй байдалд хүргэхүйц хор дагавартай худал мэдээллийг тараахгүй байх зорилгоор ашиглаж байгаа.
- УЛС ТӨРИЙН ТОМООТОЙ БАЙХ ШААРДЛАГАД НИЙЦЭЖ АЖИЛЛАВАЛ ХЭВЛЭЛ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ЦЕНЗУРЬ ТОГТООСОН ҮЙЛДЭЛ БОЛНО-
- Энэ асуудалд төрийн зүгээс ямар санал гаргаад байна вэ?
- Хууль зүйн яам Эрүүгийн хуулийн ажлын хэсэгт өөрийнхөө байр суурийг илэрхийлж “гүтгэх” гэдэг томъёоллоор Эрүүгийн хуульд байх ёстой гэж үзсэн. “Гүтгэх” гэдгийг зарим улс орнууд хуулиасаа авч хаяж байгаа. Олон улсын хүний эрхийн зөвлөмжүүдэд ч тэгж гардаг. “Эрүүгийн хууль”-даа оруулсан ардчилсан улс орнууд байгаа. Гэхдээ маш нарийн зохицуулдаг л даа. Улс төрийн албан тушаалтан нийтийн албан тушаалтныг тусад нь ялгана. Учруулсан үр дагавар нь ямар хэмжээнд байсан, нийтэлсэн зорилго нь нийтийн сайн сайхны төлөө байсан уу үгүй юу гээд маш нарийн шалгууртай байдаг. Хэрвээ гүтгэлгээс хүний нэр төрийг хамгаалах ёстой гэж хууль тогтоогчид үзвэл хууль зүйн хувьд маш нарийн авч үзэх ёстой гэсэн саналыг бид хэлж шаардах ёстой. Бидний хувьд Эрүүгийн хуульд орох ёсгүй гэсэн шаардлагыг тавина. Орсон тохиолдолд маш нарийн байхгүй бол өмнөх шиг ерөнхийлөөд л явж болохгүй.
- “Худал мэдээлэл тараах” заалттай холбоотойгоор сэтгүүлчдэд тохиолдож байсан жишээг дурдаж болох уу?
- МСНЭ бол мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээсэн байгууллага. 2020 оноос хойш “худал мэдээлэл тараах” заалтаар гомдол ирэхэд бүтэн редакциар нь шалгаж байсан тохиолдол олон бий. Энэ хэрэгт холбогдуулан шалгах явцдаа өөр гэмт хэрэгт холбогдуулаад яллачихсан тохиолдлууд ч гарсан. Мөрдөн байцаалтын явцад гэм буруутайг нь тогтоогоод шүүх рүү шилжүүлэх ёстой ч, урт хугацаанд ажил хийх боломжгүй болгоод үргэлж цагдаа дээр дууддаг асуудал гарсан. Дээр нь нийгэмд “худал мэдээлэл түгээсэн” гээд маш тодоор зарлаад, шийдвэрээ огт танилцуулалгүй гомдол нь замхардаг. Манай салбар бол үнэн мэдээлэл түгээнэ гэсэн итгэл үнэмшил дээр л ажиллаж байгаа салбар. Гэтэл хамгийн нандин нэр төр лүү нь халдаад, худал мэдээллээр шалгаж байна гэсэн нэр хоч зүүгээд байгаа юм. Бид нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй үйлдлийн талаар л мэдээлэл бэлтгэж байгаа шүү дээ. Гэтэл яг тэр үйлдлийг нь шалгахгүй, сэтгүүлчийг нь л шалгаад, цагдан хориод, залхаадаг тохиолдлууд гарсаар ирсэн. Энэ нь чөлөөт хэвлэл өөрийнхөө дуу хоолойг урьдчилан боомилох аюулд оруулж байна. Хэвлэл мэдээлэл өөрөө шүүмжлэмтгий мөн чанартай, дээр нь манай улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа үед үргэлж томоотой хэвлэл мэдээллийг хүсэж шаардаж болохгүй. Тийм шаардлагад нийцэж ажиллана гэх юм бол хэвлэл мэдээлэл өөрөө өөртөө цензурь тогтоосон л үйлдэл болно.
- Ярилцсанд баярлалаа.