Төрийн банк хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг орон даяар албан ёсоор эхлүүллээ.
Монголбанкнаас жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны хүрээнд Төрийн банк Боловсролын мэдээллийн технологийн төвтэй хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөр нь “Эерэг дадал Ирээдүйн баялаг” уриан дор хүүхэд, залуучуудад санхүүгийн зөв ойлголт, дадлыг төлөвшүүлэхэд чиглэж байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр Төрийн банкны Бизнес хариуцсан Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Сугар “Өнөөдөр бид Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг шинэ түвшинд хүргэх зорилготой хөтөлбөрийг эхлүүлж байна. Орчин үед санхүүгийн боловсрол нь зөвхөн мэдлэг бус, амьдралын зайлшгүй шаардлагатай чадвар болж байна. Төрийн банкны зүгээс санхүүгийн боловсрол олгох чиглэлд хэрэгжүүлж ирсэн ажлуудаа дараагийн шатанд гаргаж, илүү өргөн цар хүрээнд үргэлжлүүлж байгаадаа баяртай байна” хэмээн хэллээ. Хөтөлбөрт Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 7 дүүргийн 51 сургуулийн 60,000 гаруй сурагчийг хамруулах бөгөөд эдгээрээс 413 нь тусгай хэрэгцээт сурагч байна. Сургалтыг сурагчдын нас, сэтгэл зүйн онцлогт тохируулсан гурван түвшинд, Google Classroom платформд суурилан зохион байгуулах юм. “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөр нь орчин үеийн цахим шийдлийг ашиглан хүүхэд, залуучуудад санхүүгийн боловсролыг хүртээмжтэй хүргэж, зөв дадал, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэх замаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой.