Улсын Их Хурлын өнөөдрийн /2026.04.03/ нэгдсэн хуралдаанаар гишүүн Б.Пүрэвдорж нарын санаачилсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөл нь газрын тосны дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах замаар хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хязгаарлах, татварын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. Төсөл санаачлагчийн зүгээс Монгол Улсад хуурамч шатахуун үйлдвэрлэх асуудал 2015 оноос эхлэн эрчимжиж, сүүлийн жилүүдэд түүхий эдийн импорт огцом нэмэгдсэн талаар дурдав. Тухайлбал, ийм төрлийн бүтээгдэхүүний импорт 2016 оноос хойш 5-10 дахин өссөн байна.
Мөн хуурамч шатахуун нь:
- Автомашины эд ангийн элэгдлийг нэмэгдүүлэх
- Агаарын бохирдлыг ихэсгэх
- Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх
- Шударга татвар төлөгчдийн бизнесийг хохироох зэрэг олон сөрөг үр дагавартайг онцолсон юм.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөлөл “хуурамч” шатахуунд агуулагдах хүхрийн хэмжээ стандарт шатахуунаас хэд дахин өндөр буюу 5000–6000 ppm хүрдэг нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд ноцтой хортойг тайлбарлав. Хэлэлцүүлгийн төгсгөлд санал хураалт явуулахад оролцсон 103 гишүүний 60 нь буюу 58.3 хувь нь хуулийн төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.