Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа

Улсын Их Хурлын чуулганы /2025.12.12/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг төслийг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар баталлаа. 

Монгол Улс 2024 онд нийт 162 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болж, худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. 2024 оны байдлаар ОХУ-тай хийсэн худалдаа 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа юм. Сүүлийн 10 жилд ОХУ руу экспортлох барааны хэмжээ төдийлөн нэмэгдээгүй бөгөөд шатахууны эрэлт нэмэгдсэнтэй холбоотой импорт өсөж, худалдааны бүтэц тэнцвэргүй байна. ОХУ нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн тул холбооны бусад гишүүн орнуудтай адил нэгдсэн гаалийн тарифын бодлого хэрэгжүүлдэг. Монгол Улсаас ЕАЭЗХ-д экспортлох бараанд 15-50 хувийн гаалийн тариф ногдуулж, эрүүл ахуй, хорио цээрийн өндөр шаардлага тавьж байгаа нь экспортын боломжийг хязгаарлаж байна. Мөн нийт экспортын 91.2 хувь, уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувь, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолж байгаа нь нэг улсын зах зээлээс хэт хамааралтай болж, эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулах хэмжээнд хүрээд байгаа юм. Иймээс гол түнш орнуудтай хийх худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулж, харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнээ саадгүй экспортлох, дотоодын үйлдвэрлэлд шаардлагатай орц, түүхий эд, тоног төхөөрөмжийг хямд өртгөөр импортлох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа тул чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг байгуулсан билээ. Тус хэлэлцээр нийт 31 зүйл, 4 хавсралтаас бүрдэх бөгөөд хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудлыг тусгаагүй, зөвхөн 367 барааны хүрээнд тохиролцсон. 

Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем” (БТКУС)-ийн зургаан оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн дөрвөн төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон. Түүнчлэн улаанбуудай, өндөг зэрэг манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоо хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцээрийн төсөлд тусгуулсан билээ.

Олон улсад чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд түгээмэл ашиглагддаг “Ерөнхий тэнцвэрийн загвар”-ын  тооцооллоор  хэлэлцээр хэрэгжсэнээр манай улсын ДНБ 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1 хувь өсөх боломжтой байна. Тухайлбал мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, нэхмэл, сүлжмэл болон арьс шир зэрэг боловсруулах үйлдвэрийн гол бүтээгдэхүүний экспорт 42-152 хувиар нэмэгдэж,  Монголын бүтээгдэхүүн гаалийн татваргүйгээр өргөн зах зээлд нэвтрэх нөхцөл бүрдэх юм. 

“Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо хөдөлгөөн” зэрэг төрийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг дэмжих ажил идэвхтэй өрнөж буй энэ үед тус хэлэлцээр нь дотоодын боловсруулах үйлдвэрлэл болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, малчин өрх болон үйлдвэрлэгч, экспортлогчдын орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлнэ. Мөн дээр дурдсан Монгол Улсын бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан бүс нутгийн интеграцид нэгдэх, нэг эдийн засгаас хараат байдлыг бууруулах, экспортын зах зээлийг тэлж, төрөлжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ач холбогдолтой байна. 

Экспортын үйл ажиллагааг хөнгөвчлөх чиглэлээр чухал ахиц гарч, зардал буурах боломж бүрдэх бөгөөд орц, материалыг экспортын барааны өртгийн 50 хувьд тооцон тарифын хөнгөлөлт эдлэх, барааг дөрвөн цагийн дотор олгох, гарал үүслийн гэрчилгээг нөхөн гаргах боломжтой болох, эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан гаалийн шалгалтын шинэ зохицуулалт хэрэгжих,  5000 еврогоос бага үнийн дүнтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй байх зэрэг өөрчлөлт нь бизнесийн орчныг сайжруулна.