Цагдаагийн байгууллагад 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд “хүзүүндээ зүсэгдэж, их хэмжээний цус алдаж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгалт явуулахад хамт архидан согтуурсан иргэдийн хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсэж, улмаар архины шилний хагархайгаар нэгнийхээ хүзүүний хэсэгт хэд хэдэн удаа зүсэж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас согтууруулах ундааны хэт хэрэглээ нь иргэдийн хоорондын маргаан, үл ойлголцлыг хурцатгаж, хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг анхааруулж байна. Иймд иргэдийг архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргаанд оролцохгүй байх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг зөвлөжээ. Мөн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэхийг санууллаа.