Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг Монгол Улсад буцаан шилжүүлэхээр болжээ

Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг Монгол Улсад буцаан шилжүүлэхээр болжээ

Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор хоёр бичвэрийг Монгол Улсад буцаан шилжүүлэхээр болжээ. 

Эхний бичвэр нь XVII зууны эхэн үеийн гар бичмэл бөгөөд Төвөдийн их бясалгагч, яруу найрагч Мял богдын Буман дууллын монгол орчуулга бөгөөд энэхүү орчуулгыг Гүүш цорж хэмээх нэрт лам хийсэн бөгөөд гар бичмэлийн төгсгөлийн тэмдэглэлд дурдсанаар 1615 он орчимд орчуулагдсан байх магадлалтай. Энэ эх сурвалж нь Монголын бурхны шашин, утга зохиол, орчуулгын түүхийг судлахад чухал ач холбогдолтойд тооцогддог. Хоёр дахь бичвэр нь 1716 онд Бээжинд уламжлалт модон хэвлэлээр хэвлэгдсэн, монгол бичгээрх Гэсэрийн баатарлаг туульсын ховор эх юм. Уг хэвлэмэл нь туульсын 1-3 болон 5-7 дугаар бүлгийг багтаасан бүрэн бус хувилбар боловч Монголын баатарлаг тууль, аман болон бичгийн уламжлалын түүхийг судлахад онцгой үнэ цэнтэй эх сурвалж болно. Эдгээр хоёр бичвэр нь өмнө нь судлаач Рихард Эрнстийн хувийн цуглуулгад хадгалагдаж байгаад улмаар Бернийн их сургуулийн номын санд шилжин хадгалагдсан бөгөөд олон жилийн дараа ийнхүү эх орондоо буцаж байна.