Улсын хэмжээнд 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 2,075,502 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.9 хувиар өссөнийг Улсын Ерөнхий Прокурорын Газар мэдээллээ. Нийт бүртгэгдсэн зөрчлийн 88.8 хувь нь нийслэлд, 12.2 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.
Эдгээрийн 99.5 хувийг цагдаагийн байгууллага шалган шийдвэрлэсэн бол үлдсэн 0.5 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шийдвэрлэжээ. Энэ хугацаанд зөрчил гаргасан 1,971,456 хүн, 81,861 хуулийн этгээдэд нийт 45.5 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн хэрэг бүртгэлтийн явцад 6,988 хүнд эрх хязгаарлах арга хэмжээ авч, үүнээс 5,861 хүнийг саатуулж, 120 хүний баримт бичгийг хураан авчээ. Түүнчлэн долоон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 22.2 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 6.6 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Зонхилон үйлдэгдсэн зөрчлүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1.5 дахин
- Танхайрах зөрчил 2 дахин
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 19.2 хувиар
- Хулгайлах зөрчил 4 дахин тус тус өссөн байна.
Харин олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 38.9 хувиар, хүний биед халдах зөрчил 10 хувиар, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 3.6 хувиар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 36.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.