Өнөөдөр Монгол улсад 75 мянган аж, ахуй нэгж буюу хоёр компани тутмын нэг нь ажил хийдэг дөрвөн иргэн тутмын нэг нь татварын өртэй байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль"-ийн төслийг боловсруулан ажиллаж буй бөгөөд хаврын чуулганаар өргөн барих аж. Хуулийн төслийн гол агуулга нь татварын өртэй компаниудыг өршөөлд хамруулах зэрэгцүүлэн татварын хэмжээг багасгаж, компаниудыг чөлөөтэй ажиллах орчноор хангахад зорьж байгаа аж. Тэгвэл татварын өршөөлийн хуулийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлтэй ярилцлаа.
ВИДЕО:
-ТАТВАР ӨРШӨӨХ НЬ НЭГ УДААГИЙН ГАЛ УНТРААХ ҮЙЛ АЖИЛЛАГАА. АРГА ЯДСАН АЖИЛ. ҮҮНТЭЙ ЗЭРЭГЦҮҮЛЖ ТАТВАРЫН СУУРЬ ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗАЙЛШГҮЙ ХИЙХ ЁСТОЙ-
-2008 онд татварын өршөөлд аж, ахуй нэгжүүдийг хамруулж байсан. Тэр үйл ажиллагаа хэр үр дүнтэй болсон бэ?
-2008 онд татвар, 2015 онд хөрөнгийн маягтай буюу оффшор, хууль бус, бүртгэлгүй хөрөнгийг ил болгоход нь өршөөл үзүүлсэн. Харин одоо бид татварын өршөөлийн асуудлыг ярьж байгаа. Та бүхэнд би зарим тоо баримтыг үзүүлье. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 120 мянга орчим аж, ахуй нэгж байна. Үүний 75 мянга буюу олонх нь татварын өрийн асуудалтай. Өнгөрсөн жил энэ тоо 50 мянга байсан бол энэ жил 75 мянга болж өссөн. Ганц нэг аж, ахуй нэгж татварын өртэй тухай асуудал байсан бол хариуцлагагүйнх гэж хэлэхсэн. Гэтэл дийлэнх олонх нь татварын өрийн дарамтад орж байна гэдэг нь системийн, тогтолцооны асуудал байна гэсэн үг. Би онцгойлон нэг зүйлийг хэлье.
Татвар өршөөх нь нэг удаагийн гал унтраах үйл ажиллагаа. Арга ядсан ажил. Үүнтэй зэрэгцүүлж татварын суурь тогтолцооны шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой.
Нийт аж, ахуй нэгжийнх нь 70, 80 хувь нь өрөнд ордог тогтолцоо зурчхаад нэг удаа өршөөх нь төдийлөн сайн үр дүнтэй биш. Муу тогтолцоотой учраас маргааш дахиад л өрөнд орно шүү дээ. Тэр үед яах юм, дахиад өршөөх юм уу. Тийм учраас татварын өршөөлийг заавал татварын суурь шинэчлэл, эдийн засгийн шинэчлэлтэй хамт хийх ёстой. 2008 онд татварын өршөөл үзүүлэхдээ "Дөрвөн 10" буюу татварын бодлогын шинэчлэлийг давхар хийсэн. Ингэж цогцоор нь хийж чадсан учраас эдийн засгийн нэлээн эрүүлжүүлсэн гэж би хувьдаа боддог юм. Хуулийн дарамтаас, татварын дарамтаас аж, ахуй нэгжээ чөлөөлсөн гэж үздэг. Харин 2015 оны өршөөл хөрөнгийг ил болгосон. Жижиг биш том аж, ахуй нэгжүүд хамрагдсан гээд сул талтай болсон.
-Уг хуулийн төслийн ажлын хэсгийг хэн ахалж байгаа вэ. Таны сая хэлсэн 75 мянган аж, ахуй нэгж нийт хэдэн төгрөгийн татварын өртэй байна?
-Би гишүүнийхээ хувьд эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг санаачлаад явж байна. Татварын өршөөлийн хууль гэж олон нийтэд илүү хүрээд байна. Түүнээс татварын өршөөл үзүүлж, татварын бодлогыг шинэчлэх нь эдийн засгийн эрх чөлөө олгох тухай багц үзэл санааны зөвхөн нэг хэсэг нь гэж болно. Би энэ хууль дээр сүүлийн хагас жил ажиллаж байна. Одоо манай бүлгийн зөвлөхүүд ажиллаж байгаа. Хаврын чуулганаар өргөн барина гэсэн хүлээлттэй байна. Нэлээн үр дагавартай хууль учраас судлах ёстой.
Нийт 6.5 их наядын татварын асуудал энд яригдаж байгаа. Энэ сүүлийн нэг жилд өссөн тоо. Тэгэхээр ковидын үе болон түүнээс хойшхи хямралаас аж, ахуй нэгжүүд гарч чадаагүйг ярих үндэс суурь болж байгаа юм.

-Татварын өршөөлд жижиг, дунд аж, ахуй нэгжүүдийг түлхүү хамруулъя гэж байгаа юм билээ. Ер нь ямар шалгуураар өршөөлийг үзүүлэх юм. Нөгөө талд татвараа цаг тухайд нь төлж ирсэн аж, ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх асуудлыг орхигдуулаагүй байх?
- Том аж, ахуй нэгжүүдийг аль болох бага хамруулах үүднээс өршөөгдөх дээд тооны хязгаарыг тодорхой тавьж өгөх ёстой. Жижиг дунд үйлдвэрлэл, аж, ахуй нэгжүүдийг хамруулах нөхцөл байдлыг бид бүрдүүлэх ёстой. Төрийн өндөр албан тушаалтай хүний хувь оролцоотой компаниудыг өршөөлд хамруулахгүй байх зэргийг харгалзан судлах ёстой. Үүнтэй холбоотой зайлшгүй ярих бас нэгэн асуудал байгаа нь Монгол Улс ардчилсан тогтолцооноос гадна эрх зүйт нийгэмд шилжин амьдарч байна. Тэгэхээр 100 хувь татвараа төлөөд явж байсан компаниудыг яах юм. Тэд цаг тухайд нь татвараа төлж ирсэн нь буруу юм уу. Тиймээс заавал судалж тэр компаниудад давуу байдлыг бий болгох ёстой гэх мэт зүйлс байна.
Нөгөөтэйгүүр Монгол Улсад олон төрлийн татвар байна. Тэр дотор ашиг олчхоод татвараа төлөхгүй байна уу, ашиг олж чадахгүй НӨАТ болон бусад татварын өрөнд ороод байна уу гэдэг нь бас өөр асуудал. Үүнийг зааглаж ашгийн татварыг бага хувиар хөнгөлж болно.
-ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСАД БИЗНЕС ЭРХЭЛЖ, ТАТВАР ТӨЛЖ АЖИЛЛАНА ГЭДЭГ ЯЛ БОЛСОН БАЙНА-
-Яг үнэн. Та бүхний судалгаагаар компаниуд яг ямар төрлийн татварын өртэй байна. Тэгэхээр алийг нь хөнгөлж байж илүү бодитой хөнгөлөлт үзүүлж чадах юм шиг байна?
-6.5 их наядын татварын өрөөс дийлэнх олонх нь НӨАТ-ын татвартай холбоотой байна. Гэтэл энэ ашгийн татвартай холбоотой биш. Задалбал, 2.6 их наяд нь НӨАТ-ын татвар байна. Судалгааны дүнд ил болсон олон тоо байгаа ч эцэслээгүй учраас ил хэлэх нь зохимжгүй байна. Хууль өргөн барихад иж бүрнээр нь асуудлыг ил болгон тавина.
-МАН гурав дараалан ялалт байгуулж Засгийн эрхийг барихдаа татварын хөнгөлөлт үзүүлэх нь битгий хэл илүү их дарамтыг бий болгожээ. Дансыг нь хаагаагүйгээ хөнгөлөлт гэж ярьдаг. 2025 оны төсвийн төслийг дагалдуулаад татварын хөнгөлөлт үзүүлье гэхэд хойшлуулсан. Татвар хөнгөлчхөөр Монгол Улс мөнгөгүй болчихно гэдэг. Эрх барьж байгаа нам ийм зүйл ярьж байхад та энэ хуулиа батлуулах боломжтой юу. Засгийн газартайгаа ойлголцсон юм уу?
- Засгийн газартай ойлголцох асуудал магадгүй хамгийн чухал нь биш байх. Бид зөв зүйтэй ажил хийж байна уу гэдэг л хамгийн чухал нь. Тиймээс зөв зүйтэй томъёоллоо гаргаж ирээд Засгийн газрыг шахаж ажиллах ёстой. Хэрвээ батлахгүй бол Ардчилсан нам ялж байж үүнийг хийнэ. Бизнесийн дарамт, төрийн дарамт, татварын дарамтаас чинь ангижруулж өгнө гэдэг бодлогоо л барина. Ер нь өнөөдөр Монгол Улсад бизнес эрхэлж, татвар төлж ажиллана гэдэг ял болсон байна. Бүх бизнесийг төр төсвийн мөнгөөр хийнэ. Үлдсэнийг нь төрийн өмчит компаниуд хийнэ. Дахиад үлдсэнийг нь томоохон аж, ахуй нэгжүүд лиценз тусгай зөвшөөрлөөр хуулийн хамгаалалтад орж байж хийдэг. Үлдсэн жаахан хэсэгт 120 гаруй мянган аж, ахуй нэгж бизнес эрхлэхээр ийм л юм болж байгаа шүү дээ.

-НАДТАЙ ХОЛБООТОЙ АЖ АХУЙ НЭГЖҮҮД ТАТВАР ДЭЭР ӨРТЭЙ БАЙНА УУ, ҮГҮЙ ЮУ ШАЛГААД ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ-
Татварын хувь хэмжээг бууруулж, компаниудад хөдлөх, хөрөнгө оруулалтаа хийх орон зайг үлдээх хэрэгтэй. Татвар буурснаар төрийн зардал, авлига хээл хахууль буурна. Төрийн зардал буурснаар хувийн хэвшил рүү мөнгө орж, баялаг бүтээлт рүү шилжинэ.
Бидний зорьж буй эдийн засгийн дүрэм маш тодорхой. Ардчилсан намын барьж буй философи маш тодорхой. Ерөөсөө л татварыг маш сайн бууруулах ёстой. Нөгөө талд төрийг цомхон, эерэг бүтээмжтэй болгож, технологижуулах ёстой. Ингэснээр төрийн зардал, авлига хээл хахууль буурна. Энэ бид нарын бүгдийнх нь зорьж буй зүйл биш юм уу.
Гэтэл МАН татвар өндөр хураан авч түүнийг нийгмийн халамж, хөнгөлөлт, татаас нэрээр тараана. Аж, ахуй нэгжүүдийг ялгаварладаг. Төрийн зардлыг ихэсгэж, том болгож сонгогчдыг худалдаж авдаг. Сонгогчдыг худалдаж аваад энэ системээ дахиад л угсарна. Энэ чөтгөрийн тойрогт оруулж аваад улс төрийн эрх мэдлээ хадгалах л зорилготой байна шүү дээ.
-Та үндэсний хэмжээний том компанийг босгосон. Одоо ийм хуулийн төсөл ярихаар ашиг сонирхлын зөрчил болно гэх шүүмжлэл байна. Энэ ашиг сонирхлын зөрчил болох уу?
-Жижиг, дунд аж ахуй нэгжүүдийг хамруулах босгыг тавьж өгнө. Тэр байтугай төрийн өндөр албан тушаалтны хувь хамааралтай компанийг хамруулахгүй. Тэгвэл энд надад ямар ашиг сонирхол байна. Би энэ салбарыг мэдэрч байгаа хүний хувьд бусад бизнес эрхлэгчдэд эрх чөлөө өгөх ёстойг ойлгодог. Хөгжил дэвшлийн үндэс эрх чөлөө юм. Эрх чөлөөний үндэс бол өмчийн эрх чөлөө юм. Эрх зүй ба татварын бага дарамттай байж тэр хүн өмчийн эрх чөлөөтэй байна. Энэ үзэл санааг тээгч намын даргын хувьд би энэ асуудалд хандаж байна. Надтай холбоотой аж ахуй нэгжүүд татвар дээр өртэй байна уу, үгүй юу шалгаад үзэх хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа.