Монголын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагчийг Х.Цэнд-Аюуш гэдэг. Тэрбээр 1999 онд Монголын хөлбөмбөгийн хамгийн баялаг түүхтэй Хоромхон клубийн хүүхдийн академид орж, түүний хөлбөмбөгийг замнал эхэлж байжээ. 2004 онд 14 насандаа өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдаж улмаар 2007 онд 17 насандаа шигшээ багийн хамгийн залуу тамирчнаар сонгогдож, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн урьдчилсан шатанд Ардчилсан Солонгосын эсрэг хийсэн тоглолтод гарааны бүрэлдэхүүнд гарч байсан билээ. Амьдралынхаа 27 жилийг хөлбөмбөгийн төлөө өнгөрүүлсэн Х.Цэнд-Аюуштай Монголын Хөлбөмбөгийн холбоонд болоод буй асуудлын талаар ярилцлаа.
ВИДЕО:
-ХӨЛБӨМБӨГИЙГ ДЭМЖИХ БАЙГУУЛЛАГА ГЭЖ БАЙХАА БОЛЬСОН. ҮҮНЭЭС ҮҮДЭН ОЛОН БАГУУД ДАМПУУРЛАА ЗАРЛАЖ БАЙНА-
-Монголын хөлбөмбөгийн холбооны дээд лиг хуваарийн дагуу гуравдугаар сарын 7-ны өдөр эхлэх байсан ч одоог хүртэл эхлээгүй байна. Ямар шалтгаанаас болоод лигийн тоглолтууд эхлэхгүй байна вэ?
-Уг нь лигийн тоглолтуудын хуваарь улирал эхлэхэд л гардаг. Хөлбөмбөгийн дээд лигийн эхний тойргийн тоглолтууд өнгөрсөн онд болчихсон. Харин хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрөгч гуравдугаар сарын 7-ны өдөр эхлэх байсан ч одоог хүртэл эхлээгүй байна. Яагаад эхлэхгүй байгаа шалтгаан нь тодорхойгүй байна. Багууд болон тамирчид лигийн тоглолтуудаа хүлээгээд бэлтгэлээ хийгээд л байж байна даа.

-Нэгдүгээр тойрогт тоглосон “Эс Пи Фалконс” баг дампуурлаа зарлаж хоёрдугаар тойрогт тоглохгүй гэсэн энэ үнэн үү?
-Үнэн. Өнгөрсөн хоёр улирлын аварга “Эс Пи Фалконс” баг 2026 он гарсны дараа лигийн цаашдын тоглолтуудад өрсөлдөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл тухайн багийн хувьд эхний тойрогтоо тоглоод эхэлчихсэн. Багуудтай тоглоод оноогоо цуглуулаад явж байсан. Хэрвээ хоёрдугаар тойргийн лигийн тоглолтууд эхэлбэл “Эс Пи Фалконс” багийн оноог яах вэ гэдэг бас эргэлзээтэй байна.
-МХБХ бол манай улсын хамгийн баян холбоо. Яагаад гэвэл Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос (ФИФА) жил бүр 1 сая 250 мянган ам.доллар, Азийн хөлбөмбөгийн холбооноос жил бүр 500 мянган ам.доллар авдаг. Тэгвэл энэ их мөнгийг юунд зарцуулдаг вэ? Лигийн багуудад мөнгөн урамшуулал олгодог уу?
-Монголын хөлбөмбөгийн холбооноос дээд лигийн багуудад лицензийн мөнгө гэж өгдөг байсан. Лиценз хангахын тулд маш олон заалтууд байдаг. Тэдгээрийг хангасан баг жилд 40 сая орчим төгрөг холбооноос авдаг байсан. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ мөнгийг өгөхөө больчихсон.
Бусдаар багуудад холбооны зүгээс мөнгө өгдөггүй. Лигийн багуудын эзэд “бор зүрхээрээ” гэдэг шиг өөрийнхөө мөнгийг үрээд л, монголын хөлбөмбөгийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байна. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд лигийн байдал маш хүнд байгаа учраас дэмжигч байгууллага гэж байхаа больсон. Үүнээс болоод олон багууд дампуурч дээд лигээс гарсан даа.

-"СЭЛЭНГЭ ПРЕСС"-ИЙН ЗАХИРАЛ М.БОЛД МХБХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСНООР ОДООГИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ДАМПУУРАЛ ЭХЭЛСЭН-
-ФИФА-гийн зүгээс өгч буй санхүүжилтдээ ямар нэгэн хяналт тавьдаг болов уу?
-Энэ орж ирж буй мөнгөндөө мэдээж хяналт тавьдаг. Хөлбөмбөгийн холбооноос ФИФА-гаас санхүүжилт авахын тулд төсөл заавал бичдэг. Тэр төслийн явц, үйл ажиллагаатай ФИФА-гаас танилцдаг л гэж байсан. Гэхдээ ганц ч бүтээн байгуулалт хийгээгүй байж тухайн хяналтыг яаж зохицуулдаг нь үнэхээр хачирхалтай.
-МХБХ-ны үе үеийн ерөнхийлөгчид улс төрийн нөлөө бүхий хүмүүс байдаг. МХБХ холбоонд ямар ашиг сонирхол байгаа болоод ерөнхийлөгч болох гээд улайран зүтгээд байдаг юм бол?
-Б.Ганболд гэдэг хүн бол МХБХ-ны ерөнхийлөгчөөр маш удаан ажилласан. Түүний дараа ерөнхийлөгчөөр одоогийн УИХ-ын гишүүн А.Ганбаатар гэдэг хүн томилогдсон байдаг. Тухайн үед бидний хувьд өмнөх ерөнхийлөгчөөсөө арай илүү ажиллах болов уу гэсэн хүлээлт байсан. Эхний хоёр жилдээ миний хувьд дажгүй ажлуудыг хийж байсан даа гэж бодсон ч удах тусмаа нөгөө л нэг хэцүү байдал руу авчирсан. Түүний дараа "Сэлэнгэ Пресс" хэвлэх үйлдвэрийн эзэн М.Болд гэх хүн ерөнхийлөгчөөр сонгогдож одоогийн хөлбөмбөгийн холбооны дампуурлын эхлэл тавигдсан.

Мөн М.Болдын удирдлагад байхад манай улсын хамгийн баян холбоо гэж яригддаг МХБХ найм орчим тэрбум төгрөгийн өрөнд орсон байдаг. Энэ байтугай бүр хувь хүнд хүртэл өртэй болсон байсан.
Түүний дараа Ц.Анандбазар ерөнхийлөгч болсон. Бид түүнийг ерөнхийлөгч болгохгүй гэж өнгөрсөн жил маш их тэмцсэн боловч гүрийсээр байгаад л ерөнхийлөгч болсон. Дараа жил бид МХБХ ерөнхийлөгчөө дахиад сонгоно. Тэр үед дахиад хэн хүчээр ерөнхийлөгч болохыг мэдэхгүй юм даа.
-Ц.Анандбазар МХБХ-ны ерөнхийлөгч болоод жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэр үр бүтээлтэй ажилласан гэж та бодож байна вэ?
-МХБХ-ноос бидэнд өрөө дарж байгаа л гэж хэлдэг. Найм орчим тэрбум төгрөг бол бага мөнгө биш шүү дээ. Гэхдээ энэ өрийг Дэлхийн хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбооноос орж ирж байгаа мөнгөөр төлөх боломжгүй. Энэ санхүүжилтээр зөвхөн хөлбөмбөгийн хөгжилд зориулж бүтээн байгуулалт хийх ёстой байдаг.

-ЛИГИЙН ТАМИРЧДЫН ЦАЛИН ДУНДЖААР 1-1.5 САЯ ТӨГРӨГ БАЙДАГ-
-Монголын шигшээ баг хэзээ хамгийн сүүлд цугларч, бэлтгэл хийсэн бэ?
-Хамгийн сүүлд шигшээ баг хоёр жилийн өмнө цугларч бэлтгэл хийсэн. Одоо бүр шигшээ баг байдаг үгүй ч мартчихсан байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг тэмцээнд энэ оны гуравдугаар сард оролцох байсан ч тодорхойгүй шалтгаанаас болоод цуцлагдсан.
-2023 онд Төв аймагт дөрвөн улирлын бэлтгэлийн баазтай болж болсон байдаг. Гэтэл шигшээ багийн тамирчид бэлтгэл хийсний дараа бэлтгэлийн бааз ашигласны мөнгө нэхсэн гэдэг. Тухайн үед юу болсон бэ?
-Бидэнд өвлийн улиралд бэлтгэл хийх боломжтой бэлтгэлийн бааз барьж өгсөн байдаг. Шигшээ баг тэр баазад нь очиж гурав хоног байрлаж бэлтгэл хийж байсан. Гэтэл түүний дараа нэхэмжлэх ирсэн байсан. Уг нь тэр байгууламж нь МХБХ-ных гэж бодож байсан ч энэ үйл явдлаас харахад үгүй юм шиг байна лээ. Гэхдээ үнэхээр энэ холбоонд яг юу болоод байгааг ойлгохоо байгаад удаж байна.
-Нууц биш бол лигийн тамирчдын цалин ойролцоогоор хэдэн төгрөг байдаг вэ?
-Дээд лигийн тамирчдын дундаж цалин миний таамгаар нэг саяас нэг сая 500 мянган төгрөг байдаг байх. Энэ бол маш бага мөнгө шүү дээ. Ямар ч хүн энэ мөнгөөр амьдрах боломжгүй. Тийм ч учраас хөлбөмбөгийн тамирчид тоглохын хажуугаар ажил хийдэг. Энэ нь манай улсад хөлбөмбөг хөгжихгүй байгаа хамгийн том шалтгаануудын нэг.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
