БАРИМТ: Сайд асан Б.Батбаатар гадаад томилолтод нэг тэрбум орчмыг зарцуулсан бөгөөд 576.9 сая нь зөрчилтэй байсан тул хуулийн байгууллагад шалгуулахаар болжээ

БАРИМТ: Сайд асан Б.Батбаатар гадаад томилолтод нэг тэрбум орчмыг зарцуулсан бөгөөд 576.9 сая нь зөрчилтэй байсан тул хуулийн байгууллагад шалгуулахаар болжээ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээрээ гаргаж, энэ дагуу түүний тэргүүлж байсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ чөлөөлөгдсөн билээ. Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар энэ сарын 04-ний /2026.04.04/ өдөр шинээр томилогдсон сайд Ц.Сандаг-Очирт ажлаа хүлээлгэн өгсөн юм. 

Тэгвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байсан Б.Батбаатар нь өнгөрсөн жил буюу 2025 онд гадаад томилолтын зардал болон тийзний төлбөрт нэг тэрбум орчим төгрөг зарцуулсан байх бөгөөд зарим тийзний үнийг илүү шилжүүлсэн зэрэг зөрчилтэй ажилласныг аудитын байгууллагаас тогтоожээ. 

Тодруулбал, аудитаар нийт 15,1 тэрбум төгрөгийн 21 зөрчил илэрсэн байна. Тиймээс  331,8 сая төгрөгийн гурван төлбөрийн акт тогтоож, 9,6 тэрбум төгрөгийн 14 албан шаардлага хүргүүлж, 5,1 тэрбум төгрөгийн дөрвөн зөвлөмж өгсөн байна. Үүнээс 1,5 тэрбум төгрөгийн хоёр асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн байх аж.  

Тухайлбал,

  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нэр бүхий нэг албан хаагчийн хувийн харилцах дансанд "Өндөр түвшний зэрэгцээ арга хэмжээний зохион байгуулалтын зардал" гэх 82 сая төгрөгийг шилжүүлж, бүрдэл дутуу анхан шатны баримтыг үндэслэн зарцуулсан,
  • Арабын Нэгдсэн Эмират болон Катар улсад томилолтоор ажилласан нэр бүхий гурван албан хаагчийн тийзийн төлбөрийг давхардуулан нийт 42,9 сая төгрөгийг илүү шилжүүлсэн,
  • Сайдын орон тооны бус зөвлөх нэг хүний гадаад томилолтын зардалд 5,1 сая төгрөг зарцуулсан гээд нийт 130,1 сая төгрөгийн зөрчил илэрсэн.

Хөтөлбөрийн зардлаас гадаад томилолтын зардалд нийт нэг тэрбум орчим төгрөг буюу 993.5 сая төгрөгийг зарцуулснаас 576.9 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна.

Тодотговол,

  • Судалгаа болон харьцуулалтгүй онгоцны тийзийн үйлчилгээ, зуучлан борлуулдаг 6 аж ахуйн нэгж байгууллагатай шууд гэрээ байгуулж, тийзийн төлбөрт 429.4 сая төгрөгийг олгосон
  • Гадаад томилолтоор Арабын Нэгдсэн Эмират, Катар улсад ажилласан 14 ажилтны тийзийн төлбөрт нийт 147.5 сая төгрөгийг судалгаа болон харьцуулалтгүй “Аялал, жуулчлалын агентлаг, аяллын оператор болон захиалгат бусад үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг” Тапа Трип Эжэнси ХХК-д шилжүүлсэн байна.

Тиймээс ч аудитын байгууллагаас тус асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байгаа аж. 

Түүнчлэн гадаад томилолтын зардлаас гадны байгууллагын ажилтан, алба хаагчийн томилолт, тийзийн төлбөрт нийт 135.1 сая мянган төгрөгийг зарцуулсан болох нь аудитын байгууллагын шалгалтаар ил болжээ. 

Үүнд, тус яамны харьяа бус бусад байгууллагын дөрвөн алба хаагчийн гадаад томилолт, тийзийн төлбөрт 66,4 сая төгрөгийг, мөн Улсын Их Хурлын гурван гишүүний гадаад томилолт, тийзийн төлбөрт 68.6 сая  төгрөгийг зарцуулсан байх аж.