Монголын улс төрд төдийлөн анхаарал татдаггүй ч, УИХ-ын суудал авахад бодит нөлөө үзүүлдэг нэг хүчин зүйл бол сонгуулийн саналын хуудсан дээрх намуудын байрлал юм.
Улс төрийн намууд Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн дарааллаараа саналын хуудсанд бичигдэж, энэ нь сонголтод нөлөөлөх боломжтой “давуу тал”-ыг бий болгодог. Манай улсын хувьд жагсаалтын эхэнд Монгол Ардын Нам, түүний дараа Ардчилсан нам, улмаар Монголын Ногоон Нам, Иргэний зориг Ногоон нам гэх мэтээр цувардаг. Тухайлбал, 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин МАН жагсаалтын эхэнд бичигдэж, улмаар Ардчилсан нам 1990 оны тавдугаар сарын 25-нд, Монголын ногоон нам ердөө нэг хоногийн дараа буюу тавдугаар сарын 26-нд бүртгэгдсэн дарааллаараа саналын хуудсын гуравдугаарт бичигддэг.
- М.ЭНХБОЛДЫН УЛС ТӨРД ОРУУЛЖ, Н.НОМТОЙБАЯРЫН УДИРДАН ЧИГЛҮҮЛДЭГ УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРАА МОНГОЛЫН НОГООН НАМЫН ДАРГА БОЛЖЭЭ -
Сонгуулийн санал хураах хуудсанд дээгүүр байр эзэлдэг намуудын тамганы төлөөх өрсөлдөөн бидний нүднээс ил, далд ширүүн өрнөсөөр байна. Сүүлийн хоёр долоо хоногт УИХ-ын дарга, Засгийн газар солигдож улс төрийн тогооны асуудлууд ид буцалж байв. Үүнтэй зэрэгцэн “Туулын хурдны зам” төсөл тойрсон маргаан гээд сөхөө авах завгүй мэдээллийн урсгал өрнөлөө. Харин энэ үйл явдлуудын сиймхийгээр “чоно борооноор” гэдгийн адил Монголын ногоон нам удирдлагаа солиод амжжээ.
Тухайлбал, Монголын ногоон намын ээлжит бус их хурал өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд /2026.03.31/ зохион байгуулагдаж, намын дүрмийг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн хэлэлцэж, баталжээ. Түүнчлэн тус их хурлаар УИХ-ын гишүүн А.Ундрааг Монголын ногоон намын даргаар сонгосон байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа намын дарга болсны дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголын ногоон намын дарга болох шийдвэр маань эвслийн тэргүүн Н.Номтойбаярын зөвлөсний дагуу хийж байгаа ажил. Н.Номтойбаяр гишүүний улс төрийн шийдвэрийг 100 хувь дагаж ажиллана” хэмээсэн байна. Ингэснээр Монголын ногоон намын дарга Н.Номтойбаяр боллоо гэсэн хүмүүсийн таамаглалыг улам бататгаж буй юм.
А.Ундраа гишүүний хувьд 2024 оны сонгуульд Н. Номтойбаярын тэргүүлсэн “Үндэсний эвсэл”-ээс жагсаалтаар нэр дэвшиж УИХ-д сонгогдсон билээ. Үүнээс өмнө 2016-2020 онд УИХ-ын сонгуулийн 67-р тойрог Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. А.Ундраа гишүүнийг мөн УИХ-ын дарга асан, М.Энхболдын авга ахынх нь охин гэх бөгөөд, үеэл ах нь А.Ундрааг анх улс төрд хөл тавиулсан гэдэг.
- МАН-ААС ГАРСАН ХҮМҮҮСИЙН ОРОГНОДОГ ГАЗАР НЬ МОНГОЛЫН НОГООН НАМ БОЛСОН -
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд 20 гаруй наснаасаа МАН-ын залуучуудын байгууллагаас эхлээд бүхий л шатанд нь ажилласан бөгөөд 2012-2016, 2016-2020 онд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан нэгэн юм. Улмаар 2020 онд түүнийг олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй, зодоон цохион хийсэн гэх үндэслэлээр МАН-ын Хяналтын хорооноос МАН-аас гаргасан байдаг. Ингэснээр Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвших боломжгүй болж, Монголын Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан нам, Монголын Либерал Ардчилсан намыг нэгтгэн 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Үндэсний эвслийг үүсгэн байгуулсан. Ингээд өөрөө тэргүүнээр нь ажиллаж 2024 оны УИХ-ын сонгуулиар тус эвсэл УИХ-д дөрвөн төлөөлөлтэй болсон билээ. Өмнөх жилүүдэд МАН-аас гарсан улс төрчид ихэвчлэн МАХН-д очдог байсан бол өнөөдөр энэ урсгал Монголын ногоон нам руу чиглэжээ. Тухайлбал, Үндэсний эвслийн гишүүдийн бараг 99 хувийг Н.Номтойбаярыг дагаж МАН-ын гишүүнчлэлээс татгалзсан хүмүүс бүрдүүлсэн гэдэг. Одоо ч мөн МАН-аас гарсан хүмүүс Монголын ногоон намыг сонгох магадлалтай юм.
Н.Номтойбаяр 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо Монголын ногоон намыг авахыг оролдож байсан ч авч чадаагүй.
Н.Номтойбаяр 2024 оны нэгдүгээр сарын 18-нд болсон Ногоон намын ээлжит бус XIV их хурлаар 98 хувийн саналаар намын даргаар сонгогдож байв. Улмаар тухайн оны наймдугаар сарын 20-нд /2024.08.20/ Монголын ногоон намын “…Намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” хүсэлтийг Дээд шүүхэд илгээжээ. Харин Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд “…Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу Ногоон нам нь эхэлж намын дүрмээ хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлсний дараа тухайн асуудлаар дахин хандах боломжтой” гэж үзээд буцаасан байдаг.