БАРИМТ: Малчид нэвтрэх хориотой Тосон Хулстайд “Макс”-ын Д.Ганбаатар 700 адуугаа өвөлжин оторлуулжээ

БАРИМТ: Малчид нэвтрэх хориотой Тосон Хулстайд “Макс”-ын Д.Ганбаатар 700 адуугаа өвөлжин оторлуулжээ

“МАКС”-ЫН Д.ГАНБААТАР, ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.БИЛЭГДЭМБЭРЭЛ НАР НИЙТ 2300 АДУУГАА ТУСГАЙ  БҮС НУТАГТ ОТОРЛУУЛЖЭЭ

“Макс” группийн ерөнхийлөгч, тод манлай  уяач Д.Ганбаатар болон тод манлай уяач Б.Билэгдэмбэрэл нар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр тусгай хамгаалалттай Тосон Хулстайд адуугаа оторлуулсан баримт байна.

Төрийн бодлогоор тусгайлан хамгаалдаг амьтдаас өөр хүн, мал, амьтан нэвтрэх хориотой төрийн тусгай хамгаалалттай тус газарт “Макс” –ын Д.Ганбаатар 700, тод манлай уяач Б.Билэгдэмбэрэл 1600 адуугаа оторлуулжээ.

2018 оны долдугаар сарын 5-ны өдөр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Д.Ганбаатарын 700 адууг нутаглуулах тухай бичгийг Бургастайн хөндийн байгаль хамгаалагч, иргэн Н.Энхболд руу  хүргүүлж байжээ. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Ц.Цэнгэл Н.Энхболдоор Д.Ганбаатарын 700 адууг маллуулах утгыг дээрх бичигтээ тусгажээ.

Үүний дараа буюу 2018 оны 09.07-ны өдөр БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар Тосон Хулстайн байгалийн нөөц газарт тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн 1600 адууг байгаль хамгаалагчийн хяналтын доор оторлуулах боломжтой гэх бичгийг Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга У.Ганхуягт явуулж байжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх уяачдын адууг тус бүс нутгийг хариуцсан байгаль хамгаалагчаар маллуулсан байна.

Үүнд анхаарал татах хэд, хэдэн асуудал байна.

НЭГДҮГЭЭРТ, Төрийн хамгаалалттай тусгай бүс нутагт хувь иргэн өөрийн өмчийн малаа оторлуулах нь битгий хэл нэвтрүүлэх нь холбогдох хууль дүрмийг зөрчиж байна.

ХОЁРДУГААРТ, Мөнгөтэй нэг нь төрийн яамны дэмжлэгтэйгээр малаа шимтэй өвстэй байгалийн үзэсгэлэн бүрдсэн тусгай бүсэд малаа байлгаж болдог бол энгийн иргэд  ч мөн малаа бэлчээрлүүлэх эрх тэгш боломжийг олгох ёстой.

ГУРАВДУГААРТ, Максын Д.Ганбаатарт давуу байдал бий болгосон Байгаль орчин аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтнууд ямар учир шалтгаанаар тусгай хамгаалалттай газарт мал байршуулах эрхийг олгов гэдэг нь анхаарал татаж байна.

АДУУТАЙ ХЭД, ХЭДЭН МАЛЧНЫГ ТОСОН ХУЛСТАЙГААС ХӨӨЖ БАЙЖЭЭ

Тус нутагт адуутай хэд, хэдэн малчид байсныг тус аймгийн удирдлагууд албадан гаргаж байжээ.

Тосон хулстайн нөөц газрын байгалийн унаган төрх алдагдах, цагаан зээр дайжих зэрэг сөрөг үр дагаврууд үүсэх эрсдэлтэй байгаа учраас тус аймгийн Засаг дарга ажлын хэсэг байгуулан Тосон хулстай байгалийн нөөц газар, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баянтүмэн суманд ажиллаж малчдыг хөөсөн тухай албаны  мэдээлэл байна.

Гэтэл ялгаагүй адуутай иргэдийг хөрөнгө, мөнгөөр нь ялгаж хандсан нь шударга ёсонд хэр нийцэх вэ. Жирийн малчдыг сумын Засаг дарга нь өөрийн биеэр очиж хөөдөг атлаа хөрөнгөтэй нэгэнд нь төрийн яамны тушаалаар отрын газар гаргаж өгч буйг БОАЖЯ-аас тайлбар хэлэх ёстой юм.

ТАНИЛЦ: ТОСОН ХУЛСТАЙ БОЛ БҮС НУТАГ БОЛОН ДЭЛХИЙН НИЙТИЙН ХЭМЖЭЭНД АЧ ХОЛБОГДОЛТОЙ НУТАГ ЮМ

Монгол орны зүүн хойд хэсэгт, ойт хээрээс тал хээрийн бүсэд шилжих заагт орших Тосон Хулстайн нам уул, ухаа гүвээт тал хээр, хуурай хээрийн экосистемийг хадгалан хамгаалах, цагаан зээрийн тоо толгойг нэмэгдүүлэх, өсөн үржих таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 1998 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангилалд хамааруулан улсын тусгай хамгаалалтанд авсан. Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутгийг хамарна. Цагаан зээрийн төллөх, идээшлэх, бэлчээрийн гол газар нутаг юм. Тосон Хулстай орчмын нутагт хур борооны усаар тэжээгддэг нуур тойрмууд байх учир усны шувууд түр хугацаагаар буудаллан саатах, өндөглөх зэрэгт аюул багатай орчин болдог. Тийм учраас биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд ач холбогдолтой нутаг юм.

Монголд ховор амьтан шувуудын төрөл зүйл, тухайлбал дагуур зараа, хээрийн тоодог, дагуур тогоруу зэрэг шувууд байдаг. Цагаан зээрийн бэлчээрлэн идээшлэх, хаврын цагт төллөх гол газар болохоос гадна Хэрлэн голыг гатлан урагш хойш нүүдэллэх гол зам болсон газар юм. Монгол тарвага, манжуурын номин, хоёр зүйлийн огодой нь хөрсний үржил шимийг эргүүлж, номингийн хувьд хөеө засах замаар бэлчээрийн экологит чухал үүрэг гүйцэтгэдэг.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө