Л.Оюун-Эрдэнийн түр хороо байгуулах санал гурван удаа унаж эцэст нь санал хураалтыг ирэх долоо хоногт явуулахаар хойшлуулав

Л.Оюун-Эрдэнийн түр хороо байгуулах санал гурван удаа унаж эцэст нь санал хураалтыг ирэх долоо хоногт явуулахаар хойшлуулав

Өнөөдөр /2025.11.06/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилсан Ухаа худгийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцлээ. Стратегийн ордуудыг  хянан шалгах түр хороо байгуулах энэ ажлын хэсэгт МАН-ын жагсаалтаар нэр дэвшсэн гишүүд болоод Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байсан сайд нар гарын үсгээ зуржээ. 

ВИДЕО: 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.ЛодойсамбууХурал даргалагчаас хүсч байна. Гарч байгаа тогтоолын төсөл нь Хяналт шалгалтын тухай хуулийн 32.2-ийг зөрччихсөн. Хүрээ хязгаар нь тодорхой байх ёстой гэж хуулинд заасан байхад хүрээ хязгааргүйгээр Монголын бүх ордыг шалгая гээд байна шүү дээ. Таван жил Ерөнхий сайд хийсэн хүн нь өөрийнхөө байх үеийн шийдвэрүүдийг бүгдийг нь өөрөө шалгах гээд байна. Тиймээс би Ухаа-Худаг ордтой холбоотой асуудлаа шалгачих. Бусдыг нь манай намаас гарч байгаа ажлын хэсэгт өгөөд шалгуулчих. Ингээд бие биеээ шалгацгаая. Шаардлагатай гэж  үзэх юм бол хурал даргалагч байнгын хороонд нь нэг удаа  буцааж болох юм билээ. Хэрвээ энэ ажлын хэсэг байгуулагдвал манай намаас гарсан түр хороо байгуулах санал байхгүй болох юм байна. Нэг сэдвээр хоёр түр хороо байгуулахгүй. Хаврын чуулганаар ч  байгуулах боломжгүй болох юм  байна. 

УИХ-ын гишүүн, тогтоолын төсөл санаачлагч Л.Оюун-Эрдэнэ: Санал нэг байна. Өөрөөр хэлбэл, манай Засгийн газрын хийсэн Гашуун сухайт-Ганцмодтой холбоотой асуудлыг нягтлаад ил тод байдлаа хангаад явах нь зөв. Ухаа-Худагтай холбоотой асуудлыг ч мөн шалгаад явах нь зөв. Сүүлийн 10 сарын хугацаанд нэлээдгүй материалыг цуглуулж, УИХ-д өгсөн. Тэгэхээр энэ мэдээлэлд үндэслээд ажлаа хийх нь зүйтэй. Тиймээс би энэ тогтоолыг дэмжсэн 33 гишүүнтэйгээ ярьж байгаад эрх зүйн хувьд маргаангүй болгоод явчихье. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Манай тамгын газрынхан бүрдүүлэлтийг өөрөөр хэлбэл хамрах хүрээ хязгаарыг харж байгаад хуулийн бичиг баримтыг хүлээж авах ёстой. Энэ шаардлагыг хангасан учраас  хүлээж авсан гэж ойлгож байгаа. Тогтоолд өөрчлөлт оруулаад дахин өргөн барих эсэх нь тогтоол санаачлагч нарын бүрэн эрхийн асуудал. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:  Оффтейк гэрээ, Ухаа-Худагтай холбоотой асуудлыг үзье, харъя гэсэн юм байна. Оффтейк гэрээг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа байгуулсан. Өөрөө өөрийгөө шалгах нь ашиг сонирхлын асуудал. Ганц Ухаа-Худгийн асуудлаа шалгачих. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа  бид хоёр Харбины гэрээтэй холбоотой асуудлыг шалгах түр хороо байгуулах саналыг гаргаж 40 гаруй гишүүнээр дэмжүүлсэн. Харбины гэрээг ил үзэж, харах боломж байна. Нэг удаагийн чуулганаар хоёр түр хороо байгуулах боломжгүй. Тэгэхээр дугаар дарааллын хувьд Харбины гэрээг шалгах түр хороог байгуулчих нь зөв зүйтэй. Бид хувийн хэвшлээ үгүйсгэдэг, дайрдаг байж болохгүй. Өнгөтэй, өөдтэй хэдхэн компани байна. Гарч ирэх гээд гарч чадахгүй байна. Ажлын байр бий болгож, татвараа төлж байна. Улсаасаа баян болчихлоо гэж дайрдаг. Тэд нар чинь улсаасаа баян болж чадахгүй байна. АНУ-аас  баян олон зуун компани байна. Тэгэж байж улс орон хөгждөг юм. 

УИХ-ын гишүүн, тогтоолын төсөл санаачлагч Л.Оюун-Эрдэнэ: Ухаа-Худагтай холбоотой асуудлаас бид тойрсоор ирсэн. Гашуунсухайт-Ганцмодны гэрээг саяхан л бид баталсан. Тэрийг шалгахад оройтохгүй байх. Харин Ухаа-Худагтай холбоотой материалыг шалгаад яриад явах нь зүйтэй. Хувийн хэвшилтэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Харин стратегийн ордыг УИХ-аар оруулахгүй өгчих нь зөв үү, үгүй юу гэдэг асуудал байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ашиг сонирхлын зөрчилтэй хүн түр хорооны бүрэлдэхүүнд орж болохгүй. Ухаа худгийн нэр бариад оффтейк гэрээнүүдийг өөрөө шалгах гээд байна. Та таван жил ажиллахдаа  шалгаж байхгүй юу хийж байсан юм  бэ. Учир начрыг нь олчихгүй яасан юм бэ. Сүүлийн нэг жилд бид нар таниас энэ талаар байнга асууж байсан. Ухаа-Худгийн тодорхой хувийг төрд авах ёстой гэсэн байр суурийг та байнга сошиалаар явуулж байсан. Миний санаж байгаагаар Эдийн засгийн зөвлөлийн долоо хоног бүрийн хурал дээр энэ ордын эзэнтэй  уулздаг байсан. Тэгээд яаж шийдсэн юм. Одоо Ухаа-Худгийг шалгуулахгүй гэлээ гээд Гэрэгэгийн 15 давхраас балбуулах уу. Би ч таны байгуулсан ажлын хэсэгт орж ажиллах хүсэлтэй байна. Гэтэл нууцаар гарын үсэг зуруулсан байна лээ. Харбины гэрээ  бол нэн шинэ, маш чухал. Тэгэхээр энэ гэрээгээ шалгаад Монгол Улсын эрх ашгийн төлөө бол болгоод явах нь илүү үр дүнтэй. Ухаа-Худгийн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулсан байхад давхар түр хороо байгуулж, ажлын хэсгийн гишүүдийн цалинг өгөхгүй байгаа нь ямар учиртай юм. Айлын тал биржийн үнээр нүүрс авахыг зөвшөөрч, 5 хувь хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн. Энэ дагуу 100 доллараар нүүрсээ зарах боломж байхад аль шатанд нь хэн будлиулаад 57 доллараар зараад байгаа юм бэ. 

УИХ-ын гишүүн, тогтоолын төсөл санаачлагч Л.Оюун-Эрдэнэ: Харбины гэрээг шалгахыг дэмжиж байгаа. Гашуунсухайт-Ганцмодны  гэрээтэй холбоотой түүхийг судалбал танай намын хоёр Ерөнхийлөгчтэй их холбоотой байдаг. 2014 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  гэрээ хийсэн. Дараа нь Х.Баттулга Ерөнхийлөгч нарийн царигийг өргөн цариг болгосон. Энэ маргаан нь явж байгаад Хятадын талд 10 жилийн алдагдал үүсгэсэн. Ингээд нөхцлөө тохироод явсан. Энэ нууц гэрээ биш. Энэ  гэрээг Засгийн газраас УИХ-руу оруулж  ирээд цуцалчих боломжтой. 20 жил гацсан гэрээгээ  цуцална гэвэл цуцлахгүй юу. 

Ингээд түр хороо байгуулахыг дэмжих эсэхээр санал хураахад санал хураалтад оролцсон 92 гишүүний 46 гишүүн дэмжиж, 46 гишүүн дэмжээгүй учир 50 хувиар санал дэмжигдсэнгүй. Гэтэл санал хураах төхөөрөмжид алдаа гарлаа гэж хэсэг гишүүд бухимдсан учир дахин санал хураалтыг явуулах горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа гаргаад санал хураалтыг ирэх долоо хоногт явуулахаар хуралдаан даргалагч шийдэв. Ингэснээр уг асуудлаарх санал хураалтыг ирэх долоо хоногт явуулахаар тогтлоо.