Монголын зээлжих түвшин өсөж "Гадаад итгэл сэргэсэн", цалин нэмнэ гэчхээд 2 жил нэмээгүйд "Итгэл нь алдарсан" багш нартай хэлэлцээр эхлүүлсэн 7 хоног байв

Монголын зээлжих түвшин өсөж "Гадаад итгэл сэргэсэн", цалин нэмнэ гэчхээд 2 жил нэмээгүйд "Итгэл нь алдарсан" багш нартай хэлэлцээр эхлүүлсэн 7 хоног байв

Өнгөрөгч долоо хоногт Г.Занданшатарын Засгийн газрын гадаад итгэл сэргэж, Монголын зээлжих зэрэглэл өссөн. Харин дотоодод багш нар төрийн 2 жилийн өмнөх амлалтыг нэхэж, мөн “Оюутолгой”-н хэлэлцээний ширээн дээр шударга нөхцөлийн тухай яригдсан, “итгэл ба хариуцлага”-ын огтлолцол болсон долоо хоног байлаа.

-МОНГОЛЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 13 ЖИЛИЙН ДАРАА ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭВ-

Сүүлийн үед хэрэгжүүлж буй төсвийн сахилга бат, экспортын бодлого зэрэг алхмуудыг гаднын үнэлгээний агентлагууд анзаарч, манай улсын үнэлгээг ахиулсан нь засгийн бодлого “зохистой чиглэлд явж буй”-г илтгэх нэг төрлийн батламж болж байгаа юм. 

Тодруулбал,  олон улсын S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж, “B+ эерэг”-ээс “BB-, тогтвортой” болгосноо өнгөрөгч долоо хоног /2025.10.30/-т зарлалаа. Ингэснээр монголын зээлжих үнэлгээ 13 жилийн дараа дээд үзүүлэлтэд хүрч байгаа юм. Энэ нь сүүлийн саруудад монголын эдийн засагт тодорхой, тогтвортой байдал ажиглагдаж, валютын урсгал нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Төсвийн зарлагыг танах, нүүрсний экспортыг эрчимжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг Засгийн газрын алхамууд үр дүнгээ өгч эхэлсэн байна.  

S&P агентлагийн тайланд дурдсанаар, “Уул уурхайн экспортын өсөлт монголын төсвийн гүйцэтгэлийг мэдэгдэхүйц сайжруулсан бөгөөд эдийн засгийн өсөлт, өрийн удирдлагын оновчлол нь Монгол Улсын өрийн дарамтыг бууруулахад нөлөөлсөн” гэжээ. Мөн “бодлогын хэрэгжилт нь улс төрийн өөрчлөлтөөс хамааралгүйгээр үргэлжилж байгаа нь эерэг дохио” хэмээн онцолсон байна. 

Сонирхолтой нь, зөвхөн S&P биш Moody’s болон Fitch агентлагууд ч манай улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “тогтвортой” гэж дүгнэсэн нь сүүлийн саруудад эдийн засгийн чиг баримжаа илүү бодитой, тооцоотой болж байгааг харуулж буй үр дүн юм.

Ийнхүү зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол Улсад гадаад хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, зээлийн хүү буурах нөхцөл бүрдэх боломжтой юм. Түүнчлэн банк, хувийн хэвшлийн зээлжих чадвар нэмэгдэх нь эдийн засгийн идэвхийг дэмжих хүлээлт төрүүлж байна.

-“ОЮУТОЛГОЙ”-Н ЗЭЭЛИЙН ХҮҮГ ДАХИН ТООЦОХ ХЭЛЭЛЦЭЭ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ-

Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой”-н санхүүгийн нөхцөлийг шударга, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлд бодит алхам хийж эхлээд байна. Хэлэлцээ урт хугацаанд үргэлжлэх ч энэ удаагийн протокол нь Монголын тал өмнөхөөсөө илүү итгэлтэй, бодит шаардлага тавьж буйг гаднын зарим онцолж байна. 

Хэлэлцээрийн протоколд зааснаар, “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийг дахин тооцох, олон улсын зах зээлийн стандарттай нийцүүлэх талаар хоёр тал албан ёсоор хэлэлцэхээр тохиролцсон юм. Ингээд энэхүү асуудлаа 2026 оны нэгдүгээр сарын 31-ний дотор шийдвэрлэх зорилт тавьсан байна. Манай Засгийн газрын байр суурь нь төслийн зээл, хүүгийн түвшин, мөн менежментийн үйлчилгээний төлбөр нь олон улсын жишигт нийцсэн, хоёр талд тэгш боломж олгох байх ёстой гэсэн зарчимд тулгуурлаж байгаа юм.

Тиймээс хэлэлцээний явцад; 

  • Зээлийн хүү болон холбогдох нөхцөлүүдийг зах зээлийн үнэлгээтэй нийцүүлэн шинэчлэх
  • Менежментийн төлбөрийг шударга, ил тод байдлаар тооцох
  • Хэлэлцээний явцад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тогтвортой байлгах, хэлэлцээний тасралтгүй байдлыг хангах талаар тохиролцсон байна.

Энэхүү хэлэлцээ нь Монгол Улсад ашигт малтмалын томоохон төслийн санхүүгийн ил тод байдлыг сайжруулах бодлогын хүрээнд хийгдэж буй чухал алхам гэж үзэж болно. Учир нь “Оюутолгой” төслийн санхүүжилтийн бүтэц, хувь нийлүүлэгчдийн хоорондын харилцаа олон жил маргаантай байсныг харгалзан үзвэл, энэ удаагийн Засгийн газрын хэлэлцээ нь улсын ашиг сонирхлыг хамгаалах, харилцан итгэлцлийг сэргээх шинэ шатны эхлэл болж байгаа юм. 

-“БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМНЭ” ХЭЛЭЛЦЭЭР 2 ХОЁР ЖИЛ БИЕЛЭЭГҮЙ-

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан Засгийн газар, Хөдөлмөрийн холбоодын болон Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 онд байгуулсан “гурван талт гэрээ”-ээр багш нарын цалинг жил бүр 10 хувиар нэмэх тохиролцоонд хүрсэн. Гэвч энэ амлалт өнгөрсөн хоёр жил дараалан хэрэгжээгүй юм. Тодруулбал, 2022 онд тухайн үеийн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар гарын үсэг зурсан гэрээнд “багш нарын цалинг 2023, 2024 онуудад тус бүр 10 хувиар нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг. Гэвч энэ заалт 2023 онд ч, 2024 онд ч биелээгүй юм. Учир нь төсвийн тодотгол бүрт энэ асуудал орж ирж байсан ч, Сангийн яамнаас “эдийн засгийн нөхцөл хүндрэлтэй” гэх шалтгаанаар дараа жил рүү түлхсээр хоёр жил өнгөрсөн.

Товчхондоо, 2025 он дуусаж байхад багш нарын цалин хоёр жилийн өмнөх түвшиндээ л байгаа гэсэн үг. Харин энэ хугацаанд монголд амьдралын өртөг хоёр дахин өссөн. Иймд багш нарын ажил хаялт бол зүгээр нэг цалин нэхсэн тэмцэл биш. Энэ бол төрийн итгэл алдсан амлалтынх нь эсэргүүцэл юм. 

Тэгвэл Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газар багш нарын цалинг 15-30 хувь нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн засгийн газар эцэст нь хэлэлцээрийн ширээний ард суусан бөгөөд багш нар “2022 онд байгуулсан гурван талт гэрээний хэрэгжилтийг нэн даруй сэргээх, 2023-2024 онд биелээгүй 20 хувийн нэмэгдлийг нөхөн тооцох, цалингийн шинэ шатлал, урамшууллын системийг боловсролын бодлоготой уялдуулах” гэсэн гурван шаардлагыг тавьж байгаа юм. Иймдээс “хоёр жил биелүүлээгүй” гэрээг дуусгахын тулд Г.Занданшатарын Засгийн газар болон багш нар хэлэлцээрийн ширээний ард сууж эхлээд байна.