Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр (2026.05.01) “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 5 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Улсын Их Хурал 6 дугаар сарын 1-ний дотор батална гэж заасны дагуу энэхүү тогтоолын төслийг боловсруулсан юм.

Тус төслийг Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох шаардлагад нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулсан талаар Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр мэдэгдлээ.
Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд:
- Эдийн засгийн чөлөөлөлт
- Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт
- Ногоон хөгжлийн чөлөөлөлт
- Авлигын эсрэг чөлөөлөлт гэсэн дөрвөн чиглэлийн бодлого байхаар тусгасан байна.
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төсөлд нийт 15.3 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасныг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр онцоллоо.