Г.Дамдинням сайд Ерөнхий сайд Н.Учралын "Чөлөөлье" санаачилгын эсрэг зөвшөөрлийн тоог нэмэх заалтыг Ашигт малтмалын хуулийн төсөлдөө оруулжээ

Г.Дамдинням сайд Ерөнхий сайд Н.Учралын "Чөлөөлье" санаачилгын эсрэг зөвшөөрлийн тоог нэмэх заалтыг Ашигт малтмалын хуулийн төсөлдөө оруулжээ

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Аж, үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар зэхэж буй юм.

Уг хуулийн төслийн талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Ашигт малтмалын тухай хуулийн 50 хувьд өөрчлөлт оруулна. Хэрэв шинэчилсэн найруулга хийвэл хуулийн төслийн 80 хувь шинэчлэгдэнэ. Тиймээс нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан. Ингэснээр Ашигт малтмалын тухай хуулийн үндсэн санаа үлдэж, одоо байгаагаасаа доош орохгүй гэсэн зорилготой” гэдгийг тодотгосон байдаг. 

Сонирхуулахад,  Ашигт малтмалын тухайн хуульд 1994 оноос хойш өнөөг хүртэл 153 өөрчлөлт, 111 нэмэлт оруулж, 29 зүйл заалтыг хүчингүй болгож байжээ.

Энэ нь хуульд итгэх иргэдийн итгэлийг буруулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг "үргээх" гол шалтгаан болсоор ирсэн. Гэтэл манай улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг онцлогтой. Товчхондоо, Ашигт малтмалын тухай хууль тогтвортой байж энэ салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж бүрдэнэ. 

Тэгвэл Ашигт малтмалын тухай хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт нь Г.Дамдинням сайдын хэлсэнчлэн одоогийн мөрдөгдөж буй хуулиас дордохгүй байж, Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцэж, хөрөнгө оруулагчдыг татах эсэх нь эргэлзээтэй байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал төрөөс олгох зөвшөөрлийг цөөлөхийн тулд "Чөлөөлье" санаачилгыг дэвшүүлсэн ч Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүний эсрэг ажиллаж буй мэт дээрх хуулийн төсөлдөө олон зөвшөөрлийг төрөөс авдаг байх заалтыг оруулжээ. 

-БОЛОВСРУУЛАЛТЫН ТҮВШИН НЭМЭГДЭХ ТУСАМ НОГДУУЛЖ БУЙ ТАТВАР ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ӨСГӨХӨӨР Г.ДАМДИННЯМ ХУУЛИЙН ТӨСӨЛДӨӨ ТУСГАЖЭЭ-

"Монгол Улсын Үндсэн хуульд “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, ... тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасан. Мөн УИХ-аар баталсан "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогод "2030 онд боловсруулалтын түвшин нэмэгдсэн байна, түүхий эдийг боловсруулан, нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дэмжинэ” гэж бодлогоо тодорхойлсон байдаг. Түүнчлэн Монгол Улсын 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд тогтвортой хадгална”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Уул уурхайн салбарын түүхий эдийн боловсруулалтын түвшин болон хүнд үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ” гэж заасан. 

Гэтэл дээрх хуулийн төсөлд ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин нэмэгдэх тусам ногдуулж буй татвар, төлбөрийн хэмжээ өсөх, төрийн байгууллагаас авах төлөвлөгөө, тайлан, хяналт шалгалтын тоо нэмэгдэхээр тусгажээ.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсгийн хүснэгтийн 1-д " ... боловсруулалтаас хамаарч суурь төлбөр нэмж, ногдуулах нэгжийн үнийг хүдэр 11-15 хувь, баяжмал 1-5 хувь, харин бүтээгдэхүүн 0.5-2.5 хувь байна" гэж заажээ.

Угтаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн өртөг өндөр байдаг учир бүтээгдэхүүнд ногдуулах нэгжийн үнийг 0 хувь болгох, эсвэл зөвхөн боловсруулсан бүтээгдэхүүнд АМНАТ-ыг шатлалгүй ногдуулах учиртай. Ингэж гэмээнэ дээр дурдсан Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжих боломж бүрдэх юм. 

-ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТӨРӨӨС АВДАГ ЗӨВШӨӨРЛИЙН ТООГ БАГАСГАНА ГЭСЭН Ч Г.ДАМДИННЯМ САЙД НЭМЖЭЭ-

Мөн хуулийн төсөлд баяжуулалтын тусгай зөвшөөрөл, зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл, маркшейдерийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад эрх олгох зэрэг энгийн болон тусгай зөвшөөрлийг шинээр бий болгохоор заажээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 28 дугаар зүйлд: 

  • Баяжуулалтын үйл ажиллагааг баяжуулалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхэлнэ.
  • Баяжуулалтын тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар 3 удаа сунгаж болно.
  • Баяжуулалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь жил бүр 10 сая төгрөг байна хэмээн заажээ.

Мөн тус хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд "Баяжуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх", "Зураг төсөл боловсруулах зөвшөөрөл", "Маркшейдерийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл"-ийг Геологи, уул уухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгуулга олгоно хэмээн тусгажээ. 

Угтаа Ерөнхий сайд Н.Учрал "Чөлөөлье" санаачилгыг дэвшүүлж, "Хүслийг хяссан хүнд суртлаас хөдөлмөрч бүтээлч хүн ардаа, баялаг бүтээгч хувийн хэвшлээ төрийн зуршлаас чөлөөлөхийн тулд жим биш зам нээнэ. Зөвшөөрөл нэртэй хориглолтын системийг нурааж эдийн засгийн эрх чөлөөний замыг элдэв саадаас чөлөөлнө" гэдгээ мэдэгдсэн. Энэ ч утгаараа нийслэлд өгч байгаа 146 төрлийн зөвшөөрлийг мэдэгдээд шууд эхэлдэг болгох Засгийн газрын тогтоолыг баталсан. Товчхондоо төрийн хүнд суртлыг арилгаж, олон төрлийн зөвшөөрлийг "үгүй хийж" байгаа. Гэтэл Ерөнхий сайд Н.Учралын танхимын сайд Г.Дамдинням нь УИХ-д өргөн барихаар зэхэж буй хуулийн төсөлдөө дээрх гурван зөвшөөрлийг төрөөс авдаг болох заалтыг оруулаад ирсэн байх аж. 

-МЕТАЛЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СУУРЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ГАРЦЫГ НЭЭСЭНГҮЙ-

Нөгөөтэй, олборлолтоос боловсруулалтад шилжих төрийн бодлогын хүрээнд ашигт малтмалыг боловсруулах үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин тодорхойгүй байгаа юм. Учир нь дээрх хуулийн төслийн 4.1.37-д “баяжуулалтын үйл ажиллагаа” гэж баяжуулалтын технологи ашиглаж газрын хэвлийн баялагт агуулагдах ашигт бүрдвэрийн агуулга, чанарыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг гэж нэмэхээр тусгажээ.

Гэтэл одоо мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг "хэлнэ" хэмээн тодорхойлсон байна.

Нэг үгээр хэлбэл, эдгээр заалт нь хоорондоо давхацсан бөгөөд боловсруулах үйл ажиллагааг хуулийн төсөлд тусгаагүй, орхигдуулсан байгаа юм.

"Ашигт малтмал” нь олборлох, баяжуулах, хайлуулах буюу цэвэршүүлэх, хагас боловсруулах, металл бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн гэсэн боловсруулах үе шатаар үнэ цэнийг бий болгодог. Энэ ч утгаараа Канад, Австрали зэрэг уул уурхай, хүнд үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад олборлолт, баяжуулалт, боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг төрөөс дагнасан чиглэлээр нь тус тусад нь кластер хэлбэрээр хөгжүүлж, дэмжиж ажилладаг байна. Гэтэл дээрх хуулийн төсөлд сүүлийн үеийн дэвшилтэт технологи инновац шингээсэн нэмүү өртөг үйлдвэрлэж, ажлын байр олныг бий болгож, металл үйлдвэрлэлийн суурь боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөгжлийг зохицуулах талаар ямар нэгэн заалт тусгаагүй байна. Энэ нь эргээд энэ салбар хөгжих боломжийг мөн л хязгаарлаж буй хэрэг юм. 

Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулж буй Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар нь Монгол Улсын хөгжлийн бодлого, Ерөнхий сайд Н.Учралын санаачлага, инновац шингээсэн нэмүү өртөг үйлдвэрлэж, ажлын байр олныг бий болгох, металл үйлдвэрлэлийн суурь боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлдөө тусгах шаардлагатай болжээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө